Г.Энхбаяр зохиолын дуугаар дайлна
Түүний олон арван дууг рок попынхон олны хүртээл болгож, FM радиогийн хит дууны жагсаалтыг тэргүүлэх болоод удаж буй. Ганцхан жишээ дурдахад л зууны манлай дуучин Сарантуяагийн уран бүтээлийн 80-аад хувь нь түүнийх гэнэ. Түүнчлэн дуучин Ч.Дашдондог, Н.Ганхуяг, гитарчин Ц.Өлзий-Орших нартай хамтран олон сайхан уран бүтээл хийсэн. Тиймдээ ч рок попын ертөнцөд түүний зохиосон аялгууг олонд хүргээгүй дуучин тун ховор. Харин түүнийг рок попын дуунуудаас гадна олон сайхан зохиолын дуу төрүүлснийг та мэдэх үү. Ард түмэн зохиолын дуу сонирхох болсон энэ үед хөгжмийн зохиолч маань өөрийн бүтээлээрээ бэлэг барихаар шийджээ.
Соёлын төв өргөөнд Тэлмэн нуур уран бүтээлийн цэнгүүнээ тэр ирэх мягмар гаригт хийхээр зэхээд байна. Энэ удаа тэр рок попын бус, харийн өөрийн зохиолын дуунуудаас гадна хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн тэртээ 70, 80-аад оны зохиолын дуугаар дайлах гэнэ. Тухайлбал, бидний сайн мэдэх Сүүн цагаан хурим, Мөнгөн бороо, дуучин Баяраа агсны дуулснаар олны хүртээл болсон Хотын гэрэлт гудамж зэрэг 30-аад дуугаар үзэгчдийн сонорыг мялаах юм. Эдгээр дууны хөгжмийн найруулгыг шинэчилж хүргэх юм байна. Тоглолтын онцлог нь түүний бүтээлийг зохиолын дууны залуу дуучид рок попынхонтой хамтран үзэгчдэд сонирхуулах гэнэ.
Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын төрөлх нутгийнхаа Тэлмэн нуур-аар нэрлэсэн зохиолын дууны тоглолт нь түүний гурав дахь бие даасан уран бүтээл аж. Тэрбээр 1985 онд анхныхаа тайлан концертоо тавьсан бол дөрвөн жилийн өмнө анхны цомгоо мялааж уран бүтээлийн цэнгүүнээ хийж байсан ажээ. Энэ удаагийн тоглолтын ерөнхиий ивээн тэтгэгчээр Глоб интернейшнл групп ажиллаж буй бөгөөд тоглолтын бичлэгээр СD хийхээр төлөвлөөд буй.
/Өнөөдөр, 2004, 09.09, 212/