28.6 мянган хүнийг цагаатгажээ

1922 оноос эхэлж, 1937 онд оргилдоо хүрсэн хэлмэгдүүлэлтэд өртөн хүмүүсийг цагаатгах ажил уг нь аль 1939 оноос эхэлсэн ч 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхнээс л эрч хүчээ авсан юм гэж Цагаатгах ажлыг удирдан зохин байгулах комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ.
Түүний ярьснаас үзвэл 1939 оноос хойш 28606 иргэн хилсээр хэлмэгдсэн нь тогтоогдож, цагаатгагдаад байгаа юм байна. Зөвхөн энэ оны эхний хагаст л гэхэд 46 иргэнийг цагаатгажээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаад 14 жил болж буй бөгөөд Цагаатгалын хууль хрэгжээд зургаан жил гаруй болоход 16197 хүнд 14 тэрбум 907.5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж. Энэ оны эхний найман сард 303 хүнд 290.4 сая төгрөг олгожээ. Нөхөх олговор хүсэгчдийн тоо жилээс жилд буурч байгаа нь зүй ёсны юм. Судалгаанаас үзэхэд өөрөө хэлмэгдсэн хүн энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 82, нас барсан хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ 105 байв. Хэдэн жилийн өмнө өөрийн биеэр хэлмэгдэгч 200, эхнэр /нөхөр/ нь болох 247 хүн амьд сэрүүн байжээ.
2002 оны эхний хагаст 539 иргэнд 532.0 сая төгрөг өгч байсан бол өнгөрсөн оны эхний хагаст 377 хүнд 358.5 сая төгрөг олгосон байна. Хэлмэгдэгч өөрөө, түүний эхнэр буюу нөхөр хүүхэд нь нөхөх олговроо авч дуусчээ. Харин цагаатгагдсан хэлмэгдэгчдийн төрөл төрөгсөд хуулийн дагуу материалаа бүрдүүлж, шүүхийн шийдвэр гаргуулж нөхөх олговроо авах хугацаа 2006 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна.
Хэлмэгдэгчид, тэдний ар гэрт төрөөс үзүүлж буй өөр нэг тусламж дэмжлэг нь орон сууц олгох явдал юм. Сүүлийн дөрвөн жилд 196 хүнд 939.0 сая төгрөгөөр сууц худалдан авч өгчээ. Энэ онд 43 иргэнийг сууцтай болгосон байна.
Амьд сэрүүн байгаа хэлмэгдэгчид, тэдний эхнэр хийгээд нөхөрт өгөх тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны хөлсийг нь хөнгөлөх, түлш түлээ олгох зэргээр тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар Засгийн газарт асуудал оруулахаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төлөвлөж, судалж буй юм байна.
Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төрөл бүрийн ажил рон даяар болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид нийслэлийн ойролцоох Сонгинохайрхан уулын ард байгаа хэлмэгдэгсдийн булш, хотын төвд байдаг дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Түүнчлэн сүм хийдүүд буяны ном хурна. Хэлмэгдэгсдийн музей тусгай хуваарийн дагуу ажиллана.
Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн бүх хэрэгсэл 11-13 цагийн хооронд гэрлээ асааж явна.
/Өнөөдөр, 2004, 09.10, 213/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button