Гадныхны хоолойн чадлыг шалгах Хөх Монгол наадам
1977 онд анх Анд нөхдийн ая дуу нэртэйгээр болж байсан энэ наадам нэрээ өөрчилж Улаанбаатар, дараа нь Хөх Монгол болсон. Тус наадмын хүрээнд болдог Монгол дууг хэн сайн дуулах вэ уралдаант тоглолт 19 жилийн хугацаанд 284 удаа болоход гадаадын 312 дуучин оролцож, өөрийн орны хийгээд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс Чингисийн үр садад сонирхуулсан байх юм.
Дээрх бүх тоглолтод Улсын филармонийн Баянмонгол чуулгынхан хөгжимдөж, Т.Уртнасан, Б.Нямдорж, Б.Ганбат нар дохисон байна. Жинхэнэ амьд хөгжим, жинхэнэ монгол аягуу эгшиглэдэг энэ наадмыг хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан сүүлийн хоёр жил хийгээгүй ч Монголын урлагийн ажилтны холбоо, Баянмонгол чуулга хамтран зохион байгуулахаар болж.
Япон, БНХАУ, БНСУ, Болгар, Канад, Франц, Якут, Вьетнамын нэртэй дуучид оролцох наадам Төв аймгийн Зуунмодод маргааш эхлэх бөгөөд нөгөөдөр Дархан-Уул аймгийн ард түмнийг ая эгшгээр дайлж, 14-нд Соёлын төв өргөөнд хаалтаа хийн олон улсын шүүгчид шилдгүүдийг тодруулж, медаль, цом, өргөмжлөлөөр шагнах аж. Мөн Төв, Дархан-Уулд болох тоглолтын үеэр үзэгчдийн таашаал хүртсэн дуучдыг шалгаруулах гэнэ.
Японы дуучин бүсгүй Вакасүки Хитоми Бодлын цагаан хун, Харьд одсон бүсгүй киноны дуу, Канадын Эрик Дорнын цагаан саран, Хөхөө гэрлэх дөхлөө киноны дуу, ОХУ-ын Цэрэнжапова Хайрын бурхан, Хүүхэн хүний хүслэн, БНХАУ-ын Мөнгөнцэцэг Дэндүү их ачтан, Алсаас дуулах дуу-г амьдруулахаар Улсын филармонийн байранд олон өдөр орилж байгаа сурагтай. Тэд мэргэжлийн дуучин ч гэлээ монгол дууг сурахад яггүй бэрхшээлтэй байна хэмээн толгой сэгсэрч байгаа тухай наадмыг зохион байгуулагчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ сонирхуулж байв.
20 жилийн түүхтэй наадмыг Монголын соёл, урлагийн сан, Урлагийн зөвлөл, Капитрон, ХААН банк, Залуу Монгол корпораци, Мон-Энерги, Сод Монгол, Цаст импекс, Сод пресс компани ивээн тэтгэсэн байна.
/Өнөөдөр, 2004, 09.10, 213/