Шатахууны үнийг барьж чадсангүй

Учир нь нефть импортлогчид шатахууны үнийг нэмэх болсныхоо шалтгааныг дэлхийн зах зээлийн үнэ, төмөр замын тээвэрлэлттэй холбон тайлбарлаж байсныг нь Засгийн газар судалж үзээд улсын төсөвт ирэх хоёр тэрбум төгрөгийн хүндрэлээс шалтгаалан дотоодод шатахууны үнийг барих бололцоогүй гэдгийг тогтоосон байна. Тиймээс дэлхийн болон ОХУ-ын дотоод зах зээл дээр нефтийн үнээс хамааралтайгаар нефть импортологчид уржигдраас эхлэн бүтээгдэхүүнийхээ үнийг 60-70 төгрөгөөр нэмжээ. Энэ талаар тодруулахаар Петровис, Алтжин, Содмонгол, Ник зэрэг нефтийн компаниудад холбогдож үнийн нэмэгдлийн талаар тодрууллаа. Петровис компаниас авсан өчигдрийн мэдээллээр А80 560 төгрөг байснаа 620, А92 615-675 төгрөг болж нэмэгдсэн байна. Харин дизель түлшийн үнэ 600 байсныг хоёр өдрийн дараа нэмж 650 болгосон. Гэтэл шатахууны үнэ нэмэгдсэнээр дахин өсч 695 төгрөг болсон гэнэ. Харин Алтжин, Содмонгол компаниуд одоогоор үнээ нэмээгүй байгаа. Цаашид байдлыг харж байж болно гэлээ. Ник компаниас лавлахад үнэ 60-70 төгрөгөөр нэмэгдсэн. Хот хөдөөд борлогдох нефтийн үнэ адилгүй гэв. Дашрамд дурдахад, холын аймгуудад худалдаалагдах нефтийн өртөг ойрын аймгуудаас өндөр байх бололтой юм. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг барель түүхий нефтийн үнэ 50 ам.долларт хэлбэлзэж, харин ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар 20 гаруй хувиар буюу нэг тонн нь 69.9 ам.доллараар нэмэгдээд байгаа аж. Гэхдээ хойд хөршөөс манай улсад нийлүүлж буй бензин шатахууны үнэ хэрэг дээрээ зах зээл дээрх үнээсээ доогуур байгаа гэнэ. Тухайлбал, ЮКОС компанийн импортын бүтээгдэхүүний үнэ Оросын томоохон нефтийн компаниудын бүтээгдэхүүний үнээс 5-15 хувиар хямд байгаа гэсэн мэдээллийг дээрх компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Юм трейд компанийнхан өгч байна. /Өдрийн сонин, 2004, 09.10, 224/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button