Залуу хос луйварт хулхидуулсан залуус дайн зарлав
2001 оноос хойш Монголын залуучуудын холбооны удирдлагуудад хулхидуулсан гэх 96 хохирогсод өнөөдрөөс эхлэн суулт хийж эхэллээ. Тэд энэ асуудлыг шийдвэрлэтэл суултаа үргэлжлүүлсээр байх юм байна. Монголын залуучуудын эрхийг хамгаалах төв эдгээр залуусыг дэмжин ажиллаж байгаа юм байна.
Монголын залуучуудын холбооны тэргүүн Зоригтбаатар, Батжаргал нарын Залуу хос луйварт хулхидуулсан гэх залуус 2001 онд анх орон сууцтай болно хэмээн баярлан мөнгөө Залуучуудын холбоо руу цацсан. Түүнээс хойш тэд мөрөөдлийн байр ч үгүй, мөнгө ч үгүй болцгоосон билээ. Ингээд юу юу ч үгүй болцгоосон улс аль нэгнийг нь олж авахаар Монголын залуучуудын холбоотой дайн зарлаад удаж байгаа. Гэвч өдий хүртэл ямар ч үр дүнгүй хэвээр байгаа юм. Нийт 96 хохирогч 360 сая төгрөгийг анх гэрээ хийн бэлнээр өгч байжээ.
-Анх Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан Залуу хос хөтөлбөрт 2001 онд гэрээ хийж захиалга өгсөн. Одоо болтол байр орон сууц ч байхгүй, мөнгө төгрөг ч байхгүй дөрвөн жил хохирч байна. Яах ч учраа мэдэхгүй явж байна.
Анх байртай болчих санаатай залуус маань мөнгийг энд тэндээс чадах ядахаараа олж өгснөө ярьж байсан. Тэр нь одоо бага ч үгүй өр болсон тул тэр мөнгөө ч нэхэмжилж авахаа мэдэгдэж байсан юм. Харин яг хэзээ шинэ байр, мөнгөө олж авах нь тодорхойгүй хэвээр байгаа. Түүнчлэн Монголын анхны Залуучуудын эрхийг хамгаалах төвийнхөн цаашид ямар хэлбэрээр тэмцэхээ ч нуусан хэвээр байгаа. Ямартай ч залуусын хоорондох дажин үргэлжилсээр байна.
/MN-25 телевиз/