Мэргэжлийн сүмогийн аки башо эхэллээ
Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эхний өдрийн барилдаанд баруун жигүүрийн комүсүби Котомицүкиг ёрикири буюу түлхэх мэхээр төвөггүйхэн ялав. Тэрбээр энэ жилийн эхний дөрвөн башёд түрүүлээд байгаа бөгөөд үлдсэн хоёр тэмцээнд ч манлайлах зорилготой байгаагаа илэрхийлсэн билээ. Дашрамд сонирхуулахад, хамгийн сүүлд домогт их аварга Чиёнофүжи 1986-1987 онд завсаргүй дараалан тав түрүүлж байсан ажээ.
Зүүн жигүүрийн комүсүби Кёкүтэнхо Н.Цэвэгням озэки Кайод унасан юм. Маэгаширагийн зүүн жигүүрийн гуравт бичигдсэн Хакухо М.Даваажаргал сэкивакэ Миябиямаг өвдөг шороодуулав. Тэрбээр энэ тэмцээнд тавин хувийн амжилт үзүүлж чадвал цолонд хүрэх өндөр магадлалтай байгаа. Энэ өдөр Кёкүшюзан Д.Батбаяр /М-10/ Жумонжиг ялжээ. Маэгаширагийн зүүн жигүүрийн дөрвөөс босч зодоглож буй Асасэкирюү Б.Дашням Точинонадаг шилдэж татсан хэдий ч өөрөө түрүүлээд дэвжээаний гадна гишгэчихэв.
Озэки Чиётайкай, Точиазүма нар өрсөлдөгчөө төвөггүй ялж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав. Анх удаа дээд зиндаанд барилдаж буй ОХУ-ын бөх Рохо, Болгарын Котоошю нар эхний өдрийн барилдаанд өрсөлдөгч болох Оцукаса, Тамакасуга нарыг ялсан байна. Мөн Гүржийн Коккай озэки Мусоямаг өвдөг шороодууллаа. Коккай долдугаар сарын тэмцээнд ч бас Мусоямаг ялж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Жюүрёод Ама Д.Бямбадорж Касуганишикиг ялсан бол Токитэнкү А.Хүчитбаатар Токид унажээ.
Өнөөдрийн барилдаанд их аварга Асашёорюүтай Гүржийн Коккай, озэки Кайотой Хакухо, Кёкүтэнхо эзэки Мусояматай оноолт таарсан байна. Мөн Асасэкирюү Дэжиматай, Кёкүшюзан Такамисакаритай учраа таарчээ. Ама япончуудын итгэлийг хүлээгээд буй Хагиваратай, Токитэнкү маань Кинкайяматай өнөөдөр барилдана.
/Өнөөдөр, 2004, 09.13, 214/