Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгт багтах нь Монголын амин чухал эрх ашиг

Улам бүр хүчирхэгжиж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд Монгол улсыг хамруулах зорилгоор байгуулагдсан энэ нийгэмлэгийг үүсгэж санаачлагчид нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Баабар, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, Лу.Болд нар юм. Уг арга хэмжээний үеэр ЗХА-ийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Баабартай цөөн хором ярилцлаа.
-Зүүн хойд Азийн нийгэмлэг байгуулах санаа юун дээр үндэслэж гарсан бэ?
-Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, нээлттэй нийгэм, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн тэр мөчөөс эхлэн манай орон өөрийн гадаад харилцаа, түншлэл, гадаад дотоод бодлогоо өөрсдөө тодорхойлдог болсон. Тэр үеэс эхлэн коммунизмын дараах Монгол оронд улам бүр даяаршиж буй дэлхий ертөнцөд өөрийн байр суурь, хөгжлийн чиг хандлага, хамаарагдах бүс нутгаа зөв тодорхойлох ас уудал хар аяндаа урган гарсан юм. 1990 онд УБХ-аас батлагдсан Монгол улсын гадаад бодлогын номлол-д Дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн байр суурийг эзлэх тухай заасан. Зүүн хойд Ази нь Сибирийн асар их баялаг, байгалийн нөөц, улам бүр их хэмжээгээр түүхий эд нэхэх болсон Япон, Солонгос, Хятадын зах зээлийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн эдийн засгийн хувьд ирээдүйтэй бүс нутгийн нэгдмэл зах зээл болж босч ирж байна. Энэ хөгжлийн их ирэдүйтэй зах зээлийн хамтын ажиллагаанд нэгдэн орох нь Монгол улсын хувьд магадгүй цорын ганц хөгжлийн зөв чиг хандлага байж болох юм. Оргилсон их хөгжлийг дагаж байж гэмээнэ хөгжил ирэх нь хэнд ч ойлгомтой. Өнөөдөр ЗХА-ийн бүсэд хамаарч буй Зүүн Сибирь, Алс Дорнод, Зүүн хойд Хятад, Өмнөд Солонгос, Японтой харьцуулахад манайх хүн ам, зах зээлийн багтаам, дэд бүтц, нэг хүнд ногдох ДНБ зэрэг эдийн засгийн гол гол үзүүлэлтээрээ онцгой содон дорой байгаа. Гэвч хүн амын боловсролын төвшин, иргэдийн зах зээлд дасан зохицох чадвар зэрэг нийгмийн үзүүлэлт муугүй. Мөн байгалийн баялаг, Монгол орны газар зүйн байрлал зэрэг өөрийн давуу талуудтай.
-Нийгэмлэгийн зорилго, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаас дурдахгүй юу?
-Ази, Номхон далайн орнуудын, ялангуяа Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, түүн дэх Монголын оролцооны талаар улс төр, нийгэм, бизнесийн чиглэлээр ажиллаж байсан хүмүүс санаачлан 2000 онд нийгэмлэгээ байгуулсан. Зорилгын хувьд энэ чиглэлээр судалгаа, дүгнэлт хийх, төр засагтай хамтран ажиллаж төрийн ажиллаж чадахгүй салбарт санаачилга гаргах, зуучлах, мөн ийм ажилагааг эрдэм шинжилгээ, соёл бизнесийн хүрээнд гүйцэтгэх явдал гэж хэлж болно.
Өнгөрсөн дөрвөн жилд ЗХА нийгэмлэгээс Хойд Ази, Зүүн Сибирь, АНУ, Япон, Өмнөд ба Хойд Солонгосын ижил төстэй судалгаа хийдэг 20 орчим институт, эрдэм шинжилгэний хүрээлэн, 30 орчим төрийн болон төрийн бус байгууллагатай холбоо тогтоож олонхитой нь хамтран ажиллалаа. Мөн Зүүн хойд Ази ба Монгол, Монголын оролцоо, Монголын боломжит оролцоо гэсэн сэдвээр судалгааны гурван төсөл хэрэгжүүлсэн. Харилцагч байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Хятад, Солонгос, Японд оюутан сургах, мэргэжил дээшлүүлэхээр хүмүүс илгээх асуудал хөндөж, анхныхыг нь явуулаад байна. Зүүн хойд Азийн эдийн засаг, нийгмийн бүсийн уулзалт, форум, зөвлөгөөн, семинар зэрэг нийтдээ 40 орчим арга хэмжээнд оролцлоо. Нийгэмлэгээс онцгой анхаарч байсан газрын нэг бол БНАСАУ юм. Улс төр, соёл, бизнесийн хүрээнийхнийг холбож зуучлах талаар олон ажил хийж, Монгол БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан гэж бодож байна. Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэнд бид маш баяртай байгаа.
-Энэ бүс нутгийн интеграцчлалд Монголын оролцоог та ямраар харж байна вэ?
-Зүүн хойд Ази нь өнөөдөр технологи, тэр дундаа мэдээлэл холбооны технологи хамгийн их хөгжсөн, хамгийн түрүүн нэвтэрдэг бүс нутаг болоод байна. Монгол улс өнөөдөр мэдээлэл холбооны технологи хүн амьд нэвтэрсэн хувиараа дэлхийн дунджаас 6 дахин, Африкийн дунджаас даруй 2 дахин доогуур байгаа юм. Энэ хоцрогдол нь шинэ зууны ертөнцөөс эгнэгт алслагдах аюул дагуулж байгаа юм. Тэгэхээр энэ технологийг Монголдоо хүчтэй нэвтрүүлж, бусадтай мөр зэрэгцэх нь хамгийн тэргүүний зорилт байх ёстой. Манай нийгэмлэг энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч ажиллана. Бас нэг онцлох зүйл бол Монгол Улс Зүүн Сибирь, Хойд Хятадын хооронд стратегийн чухал байршилтай.
Хүйтэн дайн дууссанаас хойш Ази Европыг болон Хятад оросыг холбосон дэд бүтэц баригдах төслүүд яригдаж байна. Энд оролцох Япон, Солонгосын сонирхол улам бүр нэмэгдэж байгаа. Таван жилийн өмнө Орос-Хятадын худалдааны эргэлт 3 тэрум ам.доллар байсан бол өнгөрсөн жил 8 тэрумд хүрсэн ба ойрын нэг хоёр жилд 15 тэрбум болох тооцоо байна. Чухам энэ тоо л гэхэд газар зүй, стратегийн сайн байршилд байгаа манай улсын ач холбогдол хэрхэн өсч байгаагийн гэрч болно.
/Өдрийн сонин, 2004, 09.13, 226, 227/