Урьдчилан сэргийлэх тарилгын гайхамшиг
Сүрьеэ Энэ нь уушиг, яс мэдрэл, гэдэс, булчирхайг хүнд гэмтээдэг аюултай өвчин.
Өвчлөхгүйн тулд Сүрьеэгийн вакциныг төрсний дараа 24-48 цагийн дотор нэг удаа, дараа нь 8, 15 настайд нь тус бүр нэг удаа тариулна.
Халдварт саа Энэ өвчин тархи нугасыг гэмтээж хөдөлгөөний эрхтэнг саажуулснаас хүүхдийг насан турш нь тахир дутуу болгоно.
Өвчлөхгүйн тулд Халдварт саагаас сэргийлэх вакцины 6 удаагийн тун хангалттай. Хүүхэд төрмөгц 24-48 цаг дотор, 2, 3, 4 сартайд тус бүр нэг удаа, 2, 8 насанд тус бүр нэг удаа вакцин хэрэглэвэл өвчлөхгүй болно. Вакциныг 2 дуслаар уудаг.
В вируст гепатит В вирус элгийг гэмтээж шарлах өвчин үүсгэдэг бөгөөд дутуу эдгэрвэл элэг хатуурах, цаашид элэгний өмөн үүсэх аюултай.
Өвчлөхгүйн тулд В гепатитийн вакцинаар 3 удаа тариул. Эхний тунг төрсний дараа 24-48 цагийн дотор, хоёр дахь тунг 2 сартайд. Гурав дахь тунг 8-11 сартайд булчинд тарина.
Сахуу Гүйлсэн булчирхай өнгөртөн үрэвсэж, амьсгал боогдон хордлогод орно.
Өвчлөхгүйн тулд Сахуу, хөхүүл ханиад, татрангийн гуравт вакцинаар 4 удаа тариулна. Хүүхэд 2, 3, 4 сартайдаа, 2 настайдаа тус бүр нэг удаа, 8, 15 насандаа сахуу-татрангийн хоёрт вакцинаар нэг нэг удаа тариулбал өвчний эсрэг дархлалтай болно.
Хөхүүл ханиад Амьсгал мэдрэлд хүчтэй нөлөөлж бөгшүүлж ханиадаг.
Өвчлөхгүйн тулд Гуравт вакцин 4 удаа тариулснаар сэргийлэгдэнэ.
Татран Мэдрэлийн эрхтэн хордож, хүчтэй таталт үүсдэг аминд аюултай өвчин.
Өвчлөхгүйн тулд Гуравт вакцинаар 4 удаа, хоёрт вакцинаар 2 удаа тариулж дархлал тогтоно.
Улаанбурхан Амьсгал, зүрх, хоол боловсруулах, мэдрэлийн эрхтнийг хямруулдаг тууралттай халдварт өвчин. Нас баралт ихтэй.
Өвчлөхгүйн тулд Улаанбурханаас сэргийлэх вакцинаар 2 удаа, 8-11 сартайд эхний тунг, 6-10 сарын дараа 2 дахь тунг тариулснаар дархлал тогтоно.