Их өрийг тэглэсэн асуудлыг олон улсын цагдаагийн байгууллага шалгасан уу

Монгол улсын Засгийн газрын хувьд их өртэй холбоотой хоёр улсын гэрээг нууцын зэрэглэлд багтаасан.
Харин Оросын холбооны улс энэ гэрээг ямар нэгэн байдлаар нууцлах шаардлагагүй гэж үзэж байгаа ч одоогоор олон нийтэд дэлгээгүй байна. Нууц юм бүхэн олны сонирхлыг татаж байдаг ч гэсэн олон улсын цагдаагийн байгууллагын хүртэл анхаарлыг татаж байгаа энэ асуудал цаашид юунд хүрэх нь тодорхойгүй. Харин яагаад олон улсын цагдаагийн байгууллага Орос, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд хошуу дүрэв гэдэг нь тун сонирхолтой. Хуулийн дагуу Олон улсын цагдаагийн
байгууллага хоёр улсын гэрээ хэлэлцээрт оролцох ёсгүй. Хэрвээ хууль бус гэж үзвэл л нягтлан шалгадаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь Монголын улс төрчдийн дундаас Монгол улсын Засгийн газрыг матсан мэдээлэл бичиж, энэ мэдээллийн дагуу Олон улсын цагдаа шалгасан гэж манай улс төрчид үзэж байгаа юм байна. Энэ хэрэгт тэд УИХ-ын гишүүн Гүндалай, С.Оюун нарыг сэжиглэж байгаагаа ч нуухгүй байна. Гүндалай гишүүн нэг буе удаа 250 сая долларыг хувийн компанид өгсөн, нийлж хувааж идэж уусан гэж мэдэгдэж байсан болохоор хамгийн түрүүнд эрхэм гишүүнийг хардаж байгаа бололтой. Өнгөрсөн парламентад цөөнх болон сууж байсан энэ хоёр гишүүний мэдээлэл, өөрсдийнх нь байр суурь Олон улсын цагдаад хүчтэй нөлөөлсөн байж болох юм гэдэг таамаглал олон хүнд байгаа аж. Өнгөрсөн хоёр гурван жилийн турш Монгол улсын Засгийн газар Буян-гийн Жаргалсайханы өрнөөс болж Опон улсын Арбитрийн шүүхэд дуудагдсан. Харин Олон улсын цагдаад шалгагдаж байгаа 250 сая ам.долларын хэрэг Монголын Засгийн газрыг хэр удаан чангаах нь тодорхойгүй байна. Эдийн засагчид энэ асуудал даамжраад байвал Дэлхийн банк болон ОУВС, донор орнуудаас орж ирдэг тусламж дэмжлэг, зээлийн хэмжээ багасна гэж болгоомжилж байгаа аж.