ВИА Г.Р.А-ийн бүсгүйчүүд Москвагаас захиалж авчирсан амттанаа голжээ
Өнгө үзэсгэлэнгээрээ бараг л домог болсон тэднийг амьдаар нь харахын тулд монголчууд асар их мөнгө төлсөн. Үдлээд буцах үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хоол хүнсийг мөн л чамлахааргүй үнэ өртөг төлөн Москвагаас захиалж авчруулсан. Хол ойрдоо гайхагдсан зочломтгой зангаараа украин бүсгүйчүүдийн буудлын өрөөг жимс амттанаар хөл гишгэх зайгүй болтол нь хулдсан зохион байгуулагчдын урмыг хугалж В.И.А. Гра-гийнхан тэдгээр амттан, хоол хошноос хүний урманд амссан ч үгүй. Нэг хүний 4 хамгаалагчтай тэдэнтэй манай нэр бүхий боссууд уулзах хүсэлт тавьсан ч В.И.А. Гра-гийнхны хамгаалалтыг давж чадалгүй, хүрд эргүүлэх боломжгүйдэв.
5 цаг орчим үргэлжлэх тоглолтынх нь дараа ерөнхий зохион байгуулагч Жаламон компаниас 100 долларын такс бүхий хүлээн авалт хийхээр төлөвлөж урилга, таксаа тараасан ч В.И.А. Гра-гийнхан Бид амармаар байна, ядарч байна гэж ундууцсанаар 24.00 цагт эхлэх ёстой хүлээн авалт тарсан юм. Нэг ёсондоо 100 долларын такс төлсөн хүмүүс хөөрхөн шатчих нь тэр. Азийн олон орноор аялж, юм үзэж нүд тайлсан В.И.А. Гра-гийнхан Монголд ирсэндээ огт хөөрцөглөсөнгүй. Танилындаа ороод гарахтай адилхан цай уух зуур үдлээд буцсан орос охидод хөл алдан халаасаа тэмтэрч гүйсэн Монголын баячууд инээдтэй байдалд орж, инээж чадахгүй, уйлж чадахгүй барайж хоцров. Хол явж, хүн таниагүй зангаар В.И.А. Гра-гийнханд хөл алдсан монголчууд олон шөнийн нойр хугасласан бол В.И.А. Гра-гийнхан монголчуудад 20 минутын ч зав гаргасангүй. Нэг ёсондоо монголчуудыг үл тоомсорлож Саин байна уу гэж ирсэн шигээ Баяртай ч гэлгүй зугатах шахан буцаж одлоо.
(сэрүүлэг 2004. 28)