Олимпод 500 сая төгрөг төсөвлөсөн ч 717960000-д хүрчээ
Гүндэгмаа 500000, нөхөр нь 200000 төгрөгөөр, дасгалжуулагч Насантогтох 1000 доллараар, Магванг, Пүрэв-Очир зэрэг хүмүүс МYОХ-ны Алтан очир медалиар тус тус шагнагдлаа.
Сүр дуулиан багтайхан шагнал гардуулах ёслолын дараа Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Манай тамирчид үүргээ амжилттай биелүүлээд эх орныхоо нэрийг өргөөд ирлээ гэж ичих ч үгүй мэдэгдэл хийв.
Улс энэ жилийн Афины олимпод 500 сая төгрөг төсөвлөсөн боловч тамирчдын хангалт, хувцас хунар, оймс гуталд зарцуулсан нийт мөнгөний дүн 717960000-д хүрээд байгаа аж. Улсын халааснаас буюу ард түмний талхны мөнгөнөөс хумсалсан тэрбум шахам төгрөгийг жүдо, чөлөөт бөх, буудлагад ихэнх хувийг нь зарцуулсан тухайгаа эрхтэн дархтангууд уруу доройхон тайлбарлалаа.
Олимпийн хорооны нийт 91 гишүүнээс 58 нь хуралд хүрэлцэн ирсэн бөгөөд Баянмөнх аварга, Мөнхбат аварга, Бат-Эрдэнэ аварга зэрэг нэр бүхий хүмүүс уригдан ирж тамирчид, дасгалжуулагчдын алдаа оноог дүгнэн хүчтэй шүүмж өрнүүлсэн юм. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг болохоор хүрэлцэн ирэгсдийн ихэнх нь дасгалжуулагч Ч.Дамдиншарав руу дайрч давшлан таван олимпод медалийн булан ч чирч чадаагүй жүдо, чөлөөтийнхнийг 2008 оны олимпод оролцуулахгүй гэж мэдэгдлээ.
Олон улсын шүүгч Басхүүг хүчтэй шүүмжлэл тойрсонгүй, тамирчин Наранбаатарыг оноогоо луйвардуулж зогсоход шүүгч Басхүү чухам хаана, юу хийж явсныг гишүүд ихээхэн сонирхож байв. Улсаас Афины олимпод гарзадсан 717960000 төгрөгийн 54 сая нь зөвхөн шигшээ багийнханд, нэлээдгүй хэсэг нь буудлагын спортод буюу хатагтай Гүндэгмаад зориулагдсан атал ичих ч үгүй гуяа ганзагалж ирлээ гэсэн бухимдал хурлын уур амьсгалыг улам хурцатгаж байсан юм.
Н.Мөнхбат аварга, Х.Баянмөнх аварга нар Хатгал буюу хуурай газар бэлтгэл хийсэн нь буруу байсан гэж дүгнэсэн бол гавьяат мастер Болд, Магсар нар дасгалжуулагчид муу, тамирчдын бэлтгэл сул, архи дарс хэрэглэдэг, авгай хүүхэн эргүүлдэг гэхчлэн шүүмж өрнүүлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хурлын танхимд цөөн минут сууж ирц бүртгүүлчихээд гарч одсон юм. Гишүүд нэгэн дуугаар аварга Өсөхбаяр, начин Энхтуяа нарыг олны хайр хүндэтгэлд хэт сагсуурсан, биеэ тоосон, бэлтгэл муутай байсан гэхчлэн толгой руу нь бишгүй тоншицгоов.
Афины олимпод оролцох ёстой бие бүрэлдэхүүн нийт 34-үүлээ атал 57 хүн явсан гэдэг яриа гишүүдийн дунд мэр сэр яригдаж Олимпийн хороны эрхтэн, дархтнуудыг багагүй хавчигнуулав. Хэргийн эзэн хэнгэргийн дохиурт тооцогдож, нүд нүүр лүүгээ чичлүүлж суусан Дамдиншарав дасгалжуулагч нэгэнт яваад ирсэн хүмүүсийг яах гэсэн юм гэж сэм шивнэснээр ойр хавийнхныхаа амыг хагас хамхиулж дөнгөсөн. Ямартаа ч Афины олимпод тамирчнаасаа олон дагалдагчид зугаа цэнгэл хөөж яваад ирсэн нь нэгэнт тодорхой болов. МЇОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дамдин эхнэрээ Афины олимп үзүүлж нүд тайлуулсан бол Америкт суралцдаг байт сурын харвааны тамирчин Бадамхатан мөн л улсын зардлаар Афины олимп үзсэн сурагтай.
Энэ халуухан хуралд хүрэл медальт Цагаанбаатар, Гүндэгмаа хоёроос өөр тамирчид хошуугаа ч цухуйлгасангүй. Олимпод эрх авсан тамирчдад сарын 200 мянган төгрөг сул өгч улсаас тэрбум шахам төгрөгөөр оймс гутал төхөөрч чадлаараа л захыг нь мушгисан. Тэнэг хүний заяа тэнгэрт гэж бурхан тэдэнд өнчин хүрэл медаль хайрлаагүй бол улсын тэрбум төгрөг идсэн ам хамраа тэд чухам хаана нуух байсан бол?
Цагаанбаатар гэгч туранхай бор хөвгүүн хүрэл медаль хүртсэнээрээ авчирсан медаль, үзүүлсэн амжилтаасаа урт цол гуншинтай тамирчид, дасгалжуулагчдын нүүрний арьсыг нэг ёсондоо аврав. Тамирчин Цагаанбаатарын буянаар Насантогтох дасгалжуулагчийн энгэрт Алтан очир медаль өлгөгдсөн нь хүн бүрт ойлгомжтой, харин Гүндэгмаад муу буудлаа, нөхрийг нь /дасгалжуулагч Ундралбат/ эхнэрээ муу дасгалжууллаа гэж нийт 700000 төгрөгөөр шагнав уу, эсвэл ташуураа барьж, морио унаж гараад дэлхийн талыг эзэлж явсан танхай бүдүүлэг монголчууд энэ зэрэгтэй буудсан нь их юм гэж шагнав уу гэдэг нь тодоррой бус үлдсэн юм.
Эцэст нь марафон гүйлтийн тамирчдад дэлхийн хэмжээнд 30 гаруй минут Монгол орноо үнэгүй сурталчилсан гэж сайшаах хүн олон байсныг хэлэх хэрэгтэй. Чамгүй олон цаг үргэлжилсэн гишүүдийн хурал хэрүүлтэй, шүүмжтэй өндөрлөж, арванхоёрдугаар сарын 12-нд хуралдах олимпийн чуулган дээр зарим хүнд ямар арга хэмжээ авах талаар ярилцахаар болж тарж одсон юм.
/Сэрүүлэг, 2004, 28/