Ширэн хуяг Францаас гэртээ ирэв

Монгол цэргийн ширэн хуяг болон нум, сумыг тус музейн эртний түүхийн танимд байрлуулав. Эл үзмэрийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Парисийн Олон улсын дуудлага худалдааны газарт 1500 еврогоос эхлэн дуудаж худалдсан байна.
Францын Дорно дахины хэл соёл иргэншлийн дээд сургуулийн багш, доктор, профессор С.Жамбалдорж түүхийн биет гэрч болох энэ эдлэлийг дуудлагаар худалдах гэж буйг тус улс дахь Монголын Элчин сайдын яамныханд уламжилж тэд худалдаж авсан ажээ. Элчин сайд болон дуудлага худалдаанд оролцсон хүмүүс ширэн хуягийг музейд байрлуулах ёслолд ирсэн юм. Тэд ямар үнээр түүнийг худалдаж авснаа хэлэх сонирхолгүй байсан.
Эл хуяг Бельгийн нэгэн иргэний хувийн цуглуулгад хадгалагдаж байсан бөгөөд тэр эрхэм дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байж. Эрээн махи гэж усны үхрийн арьсаар XIII, XIY зууны үед монголчууд эр цэрэг болон хүлэг морио хамгаалах хуяг хийдэг байсан тухай түүхийн сурвалж бичигт бий. Гэсэн ч бид тийм хуягийг олж үзээгүй байлаа. Энэ үзмэр түүхийн гэрч болж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэж Їндэсний түүхийн музейн захирал А.Очир ярьсан.
Сум үл нэвтрэх, зузаан тэр хуягийг рыцаруудын хуягтай харьцуулбал хөнгөн, хөдөлгөөнд саад болохгүй гэж эрдэмтэд тайлбарлав. Уг хуяг найман кг жинтэй гэнэ. Олон орон музейн үзмэрээ үнэтэй, чамин, түүхийн дурсгалт эд зүйлсийг дуудлагаар худалдан авч баяжуулдаг. Ийм аргаар тус музейд ирсэн анхны үзмэр нь энэ боллоо.
/Өнөөдөр, 2004, 09.17, 218/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button