Зөвшилцөл гацлаа
Зөвшилцөл гацлаа. УИХ, Засгийн газрын удирдлагыг хоёр хоёр жилээр ээлжлэн барих асуудлаар буулт хийх бодол байна уу гэсэн асуултад хоёр бүлгийн ажлын хэсгийн ахлагч хариулж байна.
Д.Идэвхтэн -Бидний саналыг ойлгож хүлээж авах биз ээ. Тийм хөдөлгөөнгүй сэтгэлгээ Эх орон-Ардчилал эвслийнхэнд байхгүй гэдэгт найдаж байна. МАХН өөрийгөө бодоод байгаа хэрэг биш. Одоогийн УИХ-д авсан суудлаар бол сар болгон Засгийн газраа огцруулсан ч болохоор нөхцөл бүрдчихлээ. Тийм учраас урьдчилж тохирохгүйгээр асуудал ярьж болохгүй байна.
Ж.Наранцацралт -УИХ, Засгийн газрыг ээлжлэн удирдах гэх нь хууль зөрчсөн МАХН тулгалт гэж үзэж байгаа. Засгийн газрын бүрэн эрхийг дөрвөн жил гээд Yндсэн хууль заачихсан. Хууль зөрчсөн хэлэлцээрт оролцвол харин ч жинхэнэ хуйвалдаан болно. Хоёр бүлгийн бүх гишүүд зөвшөөрч гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд УИХ, Засгийн газраа тогтвортой ажиллуулна гэсэн тодорхой заалт бий. Yүн дээрээ л хатуу зогсоно гэсэн байр суурьтай байна.
Тэгвэл их зөвшилцлийн хэсэг байгуулъя
МАХН, Эх орон-Ардчилал эвслийнхний дүрэмгүй тоглоомыг бие даагчид хараад сууж тэвчсэнгүй. Хэвлэлээр дамжуулан тэдэнд шаардлага хүргүүлж, яам, айгмуудад өөрийн төлөөлөгчөө томилон ажиллуулах саналыг Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид тавиад байна. Бие даан сонгогдсон гишүүн Я.Санжмятав
-Төр, засгаа ээлжлэн барина гэснээс болж зөвшилцөл гацаанд орчихлоо. Энэ гацаанаасаа гарч чадахгүй байгаа бол бие даан сонгогдсон гишүүн болон БНН-ын төлөөллийг оруулсан их зөвшилцлийн хэсэг байгуулж яагаад боохгүй гэж. Одоо аль ч яаманд очсон мөнгөн аягатай сүү, хадаг бэлдчихсэн хүмүүс л байна. Шийдвэр гаргах боломж нь ч хязгаарлагдчихаад байгаа юм. Тийм учраас ажлаа шуурхай, эрчимтэй явуулах үүднээс яам, аймгуудад Ерөнхий сайдын бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг оруулж байна. Хүлээзнэх байдалд орчихоод байгаа ийм үед нөхцөл байдлыг мэдээлэх, төвөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх бие төлөөлөгч томилж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн гэж ярилаа.
/Өнөөдөр, 2004, 09.17, 218/