Цусны донор гэж хэн бэ?
Цусны донорын дараах хэлбэрүүд байдаг.
1.Бүхэл цусны донор – цусны бүрэлдэхүүн хэсгийг бүхлээр нь өгдөг хэлбэр
2.Ферезийн донор – өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр /цусны сийвэн, ялтаст эс/
Би цусны донор байж болох уу?
-18-50 насны
-45 кг-аас дээш жинтэй
-Элдэв өвчин эмгэггүй, аль ч бүлгийн цустай эрүүл бол та донор байж болно.
Цусны албаны эмч мэргэжилтнүүд танд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийнэ. Хэрэв тэнцэж донор болсон бол та эрүүл байгаагийн баталгаа.
Цус гэж юу вэ?
Цус нь бусдын амь насыг аврахын тулд сэлбэн хэрэглэж болох биологийн бүтээгдэхүүн юм. Цусны 40-45 хувийг хүчилтөрөгч зөөгч улаан бөөм, үлдсэн 55-60 хувийг цусны сийвэн болон түүнд агуулагч цагаан бөөм бүлэгнүүлэгч хүчин зүйлс, ялтаст эс эзэлнэ.
Цусны бүрдэл хэсэг бүрийг ашиглаж болох бөгөөд хүний амь насыг аврахад чухал үүрэгтэй.
Цусаа өгөх нь ямар ч аюулгүй
Насанд хүрсэн хүн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрүүл хүн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгүй. Хүний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхүүнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бүх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгүй.
Таны бэлэглэсэн цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх зэрэг 10 орчим шинжилгээнүүдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан үндсэн 4-10 төрлийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэн доорхи зориулалтаар хэрэглэдэг.
Цус өгөхийн өмнө юуг анхаарах вэ?
-Урьд өдөр нь сайн унтаж амрах
-Хувийн ариун цэвэр сайн сахих
-Өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илүү их шингэн ууна.
-Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хүнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.
Цус өгөхөд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бүртгүүлэхээс эхлэн цусаа өгсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөч байдаг юм.
1.Бүртгүүлэх
-Та иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ
-Эрүүл мэндийн ерөнхий үзлэгийн асуултууд асуугдах ба таны талаархи товч мэдээлэл донорын картанд тэмдэглэгдэнэ.
2.Эмчийн үзлэг
-Эмч танаас асуумжаар дэлгэрэнгүй мэдээлэл авна.
-Таны өгсөн мэдээлэл үнэн зөв гэдгээ баталж та гарын үсгээ зурах шаардлагатай.
Ерөнхий үзлэг хийж цусны даралт үзэх зэргээс гадна цусан дахь гемоглобины түвшинг тодорхойлох шинжилгээ хийнэ.
3.Цус өгөх үйл
Танаас мэргэжлийн сувилагч, эмчийн хяналтан дор цусыг авна.
4.Амралт болон цай
-Цусаа өгөхийн өмнө болон өгсний дараа чихэртэй цай ууна.
-Та цус өгсний дараа наад зах нь 10 минут амрах хэрэгтэй.
Та дор дурдсан шалтгаанаар түр зуур цусаа өгөхгүй байж болно.
-Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж бйгаа бол
-Жирэмсэн ба хөхүүл бол
-Мэс засал хийлгэсэн бол
-Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
-Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол
Дараах тохиолдолд донор болохыг хориглоно
-Та сүрьеэ, тэмбүү В, С гепатитаар өвдсөн бол
-Зүрх, бөөр, уушиг, элэг, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдтэй
-Нян бактери, вирус тээгч бол
-Архаг архичин, мансуурах дон, биеэ үнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
-Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
-Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол
Цус өгөлтийн хоорондын хугацаа хэдэн сар байдаг вэ?
Түрүүчийн удаа цусаа өгөх үед эмчийн үзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хүн 2, эмэтэй хүн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.
Донорын цусны ач тус
Энэхүү нийтлэлийг уншиж байх зуур тань хэн нэгнийх нь амь үхлийн ирмэг дээр тулсан үед зөвхөн тохирох бүлгийн аюулгүй цус бэлэн байгаа эсэхээс шууд хамаарч байж болох юм. Ийм чухал үед цусаа өгөхөөр шийдсэн бол танд гүн талархал илэрхийлье. Цус нэн шаардлагатай хэн нэгэн хүний амь насыг аврах нь таны өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл болсон цуснаас хамаарна.
Хаяг ЭМЯ-ны харъяа Цусны төв /УКТЭ-ийн дэргэд байрладаг/
Утас 326504
Факс 976-11-312857