Орон нутгийн сонгуулийн товыг тохирлоо

Долоо хоногийн хугацаагаар зөрж байсан сонгуулийн өдрийг ирэх аравдугаар сарын 17-нд байхаар санал нэгдсэн байна. Засгийн газраа байгуулж чадахгүй гацаанд орсон намын бүлгүүд өнөөдөр тус тусдаа хуралдаж ямар ч байсан орон нутгийн сонгууль явуулах өдрийг тохиролцож чадлаа. МАХН-аас аравдугаар сарын 10-ны өдрийг, эвслийн зүгээс аравдугаар сарын 17-ны өдрийг тус тус санал болгож байсан. Бие биедээ бууж өгөхгүй гэж байсан хоёр намын хувьд малчид нь өвөлжөө рүүгээ нүүгээд алга болчих гээд байсан учраас хурдан тохиролцох шаардлага гарчээ. Ингээд хувьсгалт намаас өөрсдийнхөө саналыг долоо хоногоор хойшлуулан эвслийн саналыг дэмжихээр болсон байна.
Зөвшилцөл-3-ыг гацаанаас гаргахаас эхлээд Засгийн газраа томилох гээд хэд хэдэн асуудлыг шийдэж чадахгүй хугацаа алдсан учраас орон нутгийн сонгууль товлон зарлах хуулийн хугацаа хэтэрчих шахжээ. Орон нутгийн сонгуулийн хуульд сонгууль болох өдрөөс 21 хоногийн өмнө товлон зарлах ёстой юм байна. Тиймээс хувьсгалт намын санал болгосон аравдугаар сарын 10-ны өдөр 20 хоногийн дараа болох учраас товлон зарлах хуулийн хугацаанаас нэг хоног хэтэрчихээд явж байгаа учраас эвслийн санал болгосон өдрийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байна.
-Орон нутгийн сонгуулийг бид оройтож магадгүй гэж бодоод аравдугаар сарын 10-нд хийе гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Эвслийнхэн 17-нд хийе гээд байгаа учраас бид хүлээж аваад байна. Ер нь оройтох тал руугаа хандаад байгаа. Зөвшилцлийн хэсэг дээр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс тийм санал гардаг. Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлээд хойшлуулаад хийе гэсэн, энэ бол хувь хүмүүсийн санал. Миний ойлгож байгаагаар хоёр бүлгийн хувьд орон нутгийн сонгуулийг багтааж явуулах санал дээр нэгдэж байгаа байх гэж бодож байна. Тэр тусмаа хугацаа, товын хувьд ерөнхийдөө тохирч байгаа учраас аравдугаар сарын 17-нд сонгууль явах байх.
Зарим гишүүдийн санал болгож байснаар орон нутгийн сонгуулийн хугацааг хойшлуулан Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулах асуудал ч яригдаж байжээ. Гэвч эхлээд хуульдаа өөрчлөлт оруулах нүсэр ажил хэрэгтэй. Тэгээд ч цаг тулчихсан учраас энэ удаад орон нутгийн сонгуулийг хуучин хуулиар нь зохион байгуулахаар шийдэж байгаа юм байна.
/MN-25 телевиз.2004-09-20/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button