Радио, телевизийн хууль батлагдах магадлалтай байна

Улстөрд хэн нэг нь давамгайлах боломжгүй болсон энэ парламент л үндэсний радио, телевизийг олон нийтийн болгох сонирхолтой болсон байна. Хуулийн төслийг яаравчлан боловсруулж он дуусахаас өмнө баталчихаар зүтгүүлж байгаа гэнэ. Хүч тэнцвэргүй байсан өмнөх гурван ч парламент үндэсний радио, телевизийг төрийн мэдлээс гаргах асуудал яригдаад хэт олонхийн сонирхолд дарагдаад таг чиг болж байсан. Цөөнхийн дуу хоолойг хааж боогдуулсан хэмээн шүүмжлэгдэж байсан үндэсний радио, телевиз нь төрөөс 100 хувь хараат байж хэт олонхийн талд үйлчилж байсантай холбоотой. Тиймээс цөөнх байхад энэ хууль шиг хэрэгтэй хууль байхгүй гэж байсан улстөрийн хүчин парламентад олонхи болчихоороо энэ хуулийг мартдаг жишиг тогтоод байжээ. Харин одоогийн парламентад хэн нь ч олонхи болоогүй учраас энэ хуулийн ач холбогдлыг хоёулаа мэдэрсэн бололтой. Хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан Мөнх-Оргил гишүүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Yндэсний радио, телевизийн шаардлагатай төсвийн 50 хувь нь төсвөөс гарна гэж хэлэх бололцоогүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт радио, телевиз маань олон нийтийнх болмогцоо нэлээд их өөрчлөлт орно гэж бодож байгаа. Нэвтрүүлгийн агуулга, цар хүрээ, чанар, менежментийн хувьд өөрчлөлт орох ёстой. Тэр их өөрчлөлттэй уялдуулаад төсөв ямар байхыг бид мэдэхгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсөв өөрөө ямар багтаамжтай байхыг бид тааж мэдэхгүй. Тэгэхээр одоо хуулинд оруулж байгаа үндсэн зарчим бол үндэсний олон нийт, радио, телевизийн удирдах зөвлөл төсвөө оруулж ирнэ. Бид нар ийм төсөвтэй ажиллаж байна, энэ төсвийн тэдэн хувь нь …төгрөг, улсын төсвөөс санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавина. Тэрийг нь УИХ үзээд гарцаагүй шаардлагатай санхүүжилтыг өгдөг ийм л зарчим дээр яриад байгаа.
Жилдээ таван тэрбум төгрөгийн өртгөөр ажилладаг үндэсний радио, телевизэд төрөөс ганц ч төгрөг өгөхөө больчихоор энэ их мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудал үүсч байгаа гэнэ. Дан ганц үзэгч, сонсогчдоос авдаг хураамжаар санхүүжилтыг бүрдүүлнэ гэдэг хаанаа ч хүрэхгүй. Эсвэл энэ хураамжийн мөнгийг олон дахин нэмсэн ч олны бухимдлыг хүргэхээс цаашгүй болно. Тиймээс үндэсний радио, телевизийг жилийн турш тэжээхийн тулд ямар нэг хэмжээгээр төрөөс хэдэн төгрөг гуйх л хэрэгтэй болж байгаа юм байна.
2005 оны нэгдүгээр сарын 1-нээс үндэсний радио, телевизийг олон нийтийн болгох зорилго тавьж байгаа гэнэ. Гэхдээ төрийн мэдлээс гаргалаа гээд төрийн санхүүжилтыг зогсоож байгаа хэрэг биш, ядаж тал хувийг нь авахгүй бол гал алдах гээд байгааг ажлын хэсгийнхэн бодолцжээ. Гэхдээ төрөөс яг хэдэн хувийг авах талаар тооцоолоогүй байгаа юм байна. Эвслийн нөхөдтэйгөө ярьж байж хуулийг эцэслэн найруулаад УИХ-д өргөн барих гэнэ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button