Эвсэл зөвшилцөлд хүрэх хувилбарыг хайж байна
Үндсэн хуулиас дээгүүр зөвшилцөл байх ёсгүй гэж эвслийн гишүүд хатуу үзэж байна. Гэвч зөв-шилцлийг үргэлжлүүлж, МАХН-ын бүлэгтэй тохиролцоонд хүрэх оновчтой хувилбарыг бүлгийн хуралдаанд яаралтай оруулж ирэхийг ажлын хэсэгтээ даалгалаа.
Мэн эвслийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа холбогдох хууль журмын дагуу өргэн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай багц асуудлыг УИХ хэлэлцэхгүй хойшлуулсаар буй нь төр, засгийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмыг алдагдуулж, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн бүх салбарт сөрөг үр нөлөө үзүүлж байна хэмээн өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, УИХ-ын чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг шийдвэрлэх боломжийг олгох шаардлага бүхий албан бичгийг УИХ-ын дарга Н.Энхбаярт хүргүүллээ.
Уг албан бичгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Үүнд
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон төрийн захиргааны байгууллагын ерөнхий бүдүүвчийн тухай УИХ-ын тогтоолын төс-лийг энэ сарын 10-ны өдөр өргэн мэдүүлсэн билээ.
УИХ холбогдох хууль, журмын дагуу өргэн баригдсан энэхүү асуудлыг хэлэлцэхгүй хойш тавьсаар байгаа нь төр, засгийн үйл ажиллагаа тасралтгүй байх зарчмыг алдагдуулж, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн бүх салбарт сөрөг үр нөлөө үзүүлж эхэллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улсын төсвийн төсөл зэрэг чухал баримт бичгүүд шинэ Засгийн газар бай-гуулагдахыг шилээ даран хүлээж байна.
УИХ Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэгийн 4-т заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох үүрэгтэй.
УИХ-ын тухай хуулийн 9.2-т заасны дагуу анхдугаар чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн батлах, Засгийн газрын гишүүдийг томилох явдал юм.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж батлаагүй учир анхдугаар чуулганы үйл ажиллагаа дуусаагүй байгаа бөгөөд аравдугаар сарын 1-ний өдөр нээгдэх ээлжит чуулган хүртэл 10 хүрэхгүй ажлын хоног үлдээд байна.
УИХ-ын дарга дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх талаар санаачлага гаргахгүй байгаа нь УИХ-ын тухай хуулийн 26.2.6-д заасан УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зо-хион байгуулах үүргээ бие-лүүлэхгүй байна гэсэн дүг-нэлтийг хийхэд хүргэж байна.
Энэ бүхнийг үндэслэн бид Таныг УИХ-ын даргын хувьд УИХ-ын тухай хуулийн 26.2.3-т заасны дагуу хүлээсэн өөрийн чиг үүргийг биелүүлж, хуулийг дээдлэн чанд биелүүлж, УИХ-ын үйл ажил-лагааг тасралтгүй явуулж, зохих хууль журмын дагуу өргэн баригдсан асуудлыг нэн даруй УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна хэмээжээ гэж УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.