Шөнийн гэрэл улсын хөгжлийн нүүр царай болдог

УБ-ын гудамжаар оройн цагаар явахад айдас түгшүүр төрдөг. Харуй бүрий нөмрөхөд Монголын нийслэл чимээгүй хотыг харанхуйлдаг. Yхсэнээс биш амьд хүнээс айдаг цаг иржээ гэж хүмүүс ярилцах нь олонтаа. Хаа нэгтээ санаа муут отоод сууж байх магадлалтай. 200 жилийн өмнөх нүүдлийн Монголтой харьцуулахад одоогийн УБ мэдээж суурин газар шиг болсон. Олигтойхон гэрэлтүүлэг тавьчихвал ядаж автын осол гарахгүй, бас дээр нь олз болохгүй байхсан гэж цагдаагийнхан ярьж байлаа. Хотын төвийн гэрэлтүүлэг нэг их гологдохгүй ч харин хорооллын зах, туслах замуудаар явахад байдал хэцүүхэн болдог.
-Орой үдэш явахад зарим газраараа хагас дутуу гэрэлтүүлэгтэй, унаатай хүмүүс ч явна, унаагүй хүмүүс ч явна. Гэмт хэрэг, янз бүрийн хэрэг гарахад боломжтой.
-Гэрэлтүүлгийг орчин үетэй тааруулж үзэх юм бол хөгжилтэй орнуудыг бодвол харьцангуй муу. Төвийн гудамжаасаа гадна захдуу гэрэлтүүлгийг сайжруулах шаардлагатай болов уу гэж бодож байна.
Нийслэлийг бүхэлд нь гэрэлтүүлэхэд 4-5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Нийслэлийн гэрэлтүүлгийн 70 гаруй хувийг хариуцдаг Гэрэлтүүлэг чимэглэл компани чадах бүхнээ хийдэг. Гэвч чанар муу учраас ламп дорхноо шатчихдаг гэнэ. Өдрийн цагаар анзаарвал хаа нэгтээ замын хажуугийн гэрэл ассан байх нь олонтаа. Энэ үеэр цахилгааны үргүй зардал гарч байгаа талаар албаныхан тайлбарлахдаа,
-Хаана гэрэл унтарч байна, хаана гэрэл асахгүй байна, хаана гэрэл асч байна гэдгийг компьютерээр мэдээлэл авах боломжтой. Ер нь энэ байдалд одоохондоо шилжээгүй байгаагаас зарим газрын гэрэл, тоног төхөөрөмж гацах, эвдрэх хэрэг гарч байгаа. Yүнийг тойроод шалгачих боломжгүй учраас ард иргэд шууд утасдах хэрэгтэй байгаа юм.
Сайн юманд садаа мундахгүй гэгчээр хөрөнгө хүч, хөдөлмөр шингээж хийсэн бүтээсэн зүйлийг нь сүйтгэж байгаа хүмүүс цөөнгүй байдаг гэнэ. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэхээр өндөр үнэтэй өртөгтэй хэрэгсэл утсыг нь мултлаад төмрийн сэгт тушаачихдаг гэнэ. 30 мянган төгрөгийн өртөгтэй утсыг нь 5000 төгрөгөөр худалдчихсан тохиолдол нэлээдгүй гардаг байна. Эрсдэл ихтэй энэ ажлыг ойлгож өөрийн аюулгүй байдал, төрөлх хотынхоо өнгө үзэмжийн төлөө санаа тавих цаг болжээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button