Нигери улсын иргэнийг албадан гаргав
Тэрбээр энэ сарын эхээр манай улсад ирж, ам.доллар олшруулах залилангийнхаа уран аргыг хүмүүст ярьж, судалгаа хийжээ. Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн хоёр иргэн түүний уран үг, хуурамч аргад итгэн, 35 мянган ам. доллар өгсөн байна.
М. Опута тэдэнд ам.доллар олшруулах тусгай химийн бодис, зааварчилгаа бүхий дискүүд, цаас материалаа хадгалдаг цүнхээ үзүүлжээ. Тэр ч бүү хэл тусгай бээлий өмсөн, бодисноосоо авч хар цааснуудын дунд 100 ам. долларын дэвсгэрт хавчуулан, Маргааш өглөө гэхэд 400 ам. доллар болно хэмээн хөргөгчинд хийж үзүүлсэн аж. Залуусыг маргааш нь үзэхэд өнөө 100-тын дэвсгэрт 400 болон үржсэн байжээ. М.Опутаг башир арга хэрэглэж буйг ухааралгүй хоромхон зуур баяжих хүсэлд автсан залуус 35 мянган ам. доллар авчирчээ. Олшруулсан ам. долларынхаа ашгийг хуваана гэсэн болохоор залуус хар буруу санаагүй аж. Тэдний мөнгийг аваад зугтахыг оролдсон Опутаг тагнуулын ажилтнууд саатуулж залилаңгийн хэргийг нь илчилсэн байна. Азаар түүний уран мэхэнд дээрх залуусаас өөр хүн өртөөгүй байжээ. Тэрбээр манай улсад ирэхээсээ өмнө Казахстанд очих сонирхолтой байсан боловч тус улс виз өгөөгүй аж. Иймд Энэтхэг, Хятадаар дамжин манай улсад иржээ. БНХАУ-ын Бээжин хотод суугаа манай улсын Элчин сайдын яамнаас түр виз авсан гэнэ. Тэрбээр мөнгө олшруулдаг аргыг нутгийн анд Антонигээс сурсан хэмээжээ. Тагнуулынханд мэдүүлэхдээ, Монголд хийх гэсэн залилан бүтэлгүйтлээ. Хууль хяналтынханд нь баригдсан. Ийм хэрэг хийсэн нь миний буруу, намайг бурхан өршөөг. Монголд буруу хэрэг хийсэндээ харамсаж байна гэж гарын үсэг зурсан байв.
М. Опута энд байх хугацаандаа захын хорооллын буйдхан зочид буудлуудыг сэлгэн байршлаа байнга сольж байсан аж. Тэгэхдээ янхан хүүхнүүдтэй зугаацаж, ам. доллар олшруулдаг химийн бодис бүхий цаастай цүнхээ 13 дугаар хороололд байрлах нэгэн үйлчилгээний төвийн худалдагчид хадгалуулж байсныг тагнуулынхан тогтоожээ. Худалдагчид Опута Би түр хугацаагаар хөдөө явах боллоо хэмээн цүнхээ байн байн хадгалуулдаг байсан гэнэ. Тагнуулынхан түүнийг гэмт бүлэглэлийнхний гар хэл болсон нэгэн байж болзошгүй хэмээн үзэж дахин Монгол Улсад ирэх эрхийг нь хасч, албадан гаргажээ. Африкийн орнуудад гэмт бүлэглэл, хүчээ авсан мафийн сүлжээ олон байдаг учир манай улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд гадаадын ямар орны хүнд зөвшөөрөл өгөх өгөхгүйгээ судалж.иргэд ч гадаадын иргэн болгонд итгэн хууртагдахгүй байхыг тагнуулынхан сэрэмжлүүлж байна.
(өнөөдөр 2004.09.21 221)