Засгийн газрын бүтэц бүтэц, бүрэлдэхүүн батлагдав

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай тогтоолын төсөл, Орон нутгийн сонгуулийг товлон зарлах, зардлын хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр дээрх асуудлуудыг дэлгэрэнгүй авч хэлэлцсэн тул нэгдсэн хуралдаан товч, шуурхай боллоо. Эх орон-Ардчилал эвслээс гаргасан зарчмын гурван саналыг эхлээд хэлэлцэв. Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудлыг Ерөнхий сайд бус, Шадар сайд, Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Шадар сайд бус Барилга, хот байгуулалтын сайд, хүүхэд залуучуудын нийгмийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд бус Шадар сайд хариуцдаг болгохоор түүнд тусгасан юм.
Засгийн газар 13 яам, 18 гишүүнтэй байх тухай асуудлыг хэлэлцэх үед гишүүн Б.Жаргалсайхан ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд Жижиг, дунд үйлдвэрийн яам байгуулбал ямар вэ гэсэн санал дэвшүүллээ. Гэвч тэрбээр санал гаргах, гишүүдийн нэрсийг авч дууссан хойно дуугарсан тул тооцогдсонгүй хоцров.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Засгийн газрын бүтцийн талаар товч мэдээлэл хийлээ. Дэд бүтэц нүсэр тул түүнийг гурав салгасан. Зардаг биш олдог тал дээр илүү анхаарсан. Түлш, эрчим хүчний салбар хамгийн хараат байдаг тул бие даасан бодлого хэрэгтэй. Цаашид бүс нутаг, хотуудын хөгжилтэй уялдан гарч буй асуудлыг шийдвэрлэх цаг болсон тул Барилга, хот байгуулалтыг анхаарах хэрэгтэй болсон. Шинэ яамдын төсвийг одоогийнхоос хэтрүүлэхгүй байлгахаар тооцсон. Агентлагуудыг цөөлснөөр 30 хувийн хэмнэлт гарах тооцоо харагдсан. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжилд онцгой анхаарал тавих ёстой. Ерөнхий сайдын мэдэлд таван агентлаг байсныг гурав болгосон. Хуучнаас ТЕГ, ТӨХ үлдсэн гэж тэрбээр гишүүдэд танилцууллаа.
Энэ хуралдаанаар эвслийн бүлгийн гаргасан зарчмын саналуудыг дэмжиж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хуулийг есдүгээр сарын 22-ноос мөрдөхөөр болов. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ч бүтнээр нь батлав. Орон нутгийн сонгуулийг энэ сарын 26-наас товлон зарлаж аравдугаарс арын 17-нд санал хураалт явуулахаар тогтов. Сонгуулийн зардлыг 545.7 сая төгрөгөөр баталлаа.
/Өдрийн сонин, 2004.09.23, 236/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button