Сайдуудын сураг

Ерөнхий сайдтай эн тэнцүү шахам эрх мэдэлтэй Шадар сайдын албыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан хаших бололтой. Батлхан хамгаалах салбарыг гишүүн У.Хүрэлсүх толгойлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар одоогийн сайд Ц.Нямдорж улирч мэдэхээр дуулдана. Гадаад хэргийн сайдад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргилын нэрийг дэвшүүлэхээр ярьж байгаа гэнэ. Энэ Засгийн газар нэг эмэгтэй гишүүнтэй байх төлөвтэй. Парламентад дөрөв улиран сонгогдсон ганц эмэгтэй Т.Ганди Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг тэргүүлэх сурагтай. Мэргэшсэн парламентач Н.Баяртсайхан Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшиж магадгүй болжээ. Түлш, эрчим хүчний салбар Дэд бүтцийн төрийн нарийн бичгийн дарга асан, эрхэм гишүүн Ц.Цэнгэлийнх болж мэдэх нь. МАХН-ын мэдэлд очих яамдыг ийнхүү 100 хувь парламентын дотроос толгойлж магадгүй боллоо.
Эвслийнхэн харин ногдох яамдынхаа сайдыг парламентын гадна, дотроос холимог багаар бүрдүүлж магадгүй нь. Сангийн сайдаар хуучин эвслийн үед уг яамыг удирдаж байсан П.Цагаан яригдах бололтой. Эх орон-МАШСН-д энэ яамыг өгч магадгүй гэсэн өөр нэг хувилбар байна. Байгаль орчны сайдад гишүүн С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайдад гишүүн Э.Бат-Yүлийн сураг дуулдлаа. Эрүүл мэндийн салбарын эзэн нь гишүүн Л.Гүндалай болов уу. Зам тээвэр, аялал жуулчлалыг гишүүн Г.Батхүүгээр, Yйлдвэр, худалдааг гишүүн Н.Батбаяраар удирдуулахаар ярьсан сурагтай. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад Б.Батбаяр /Баабар/-ыг санал болгож мэдэхээр сонсогдов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Н.Алтанхуягийн нэрийг дэвшүүлэх хувилбар байгаа бололтой.
Эдгээрээс гадна эрхэлсэн хоёр сайдын орон тоо бий. Гамшиг хариуцсан сайдыг МАХН, Мэргэжлийн хяналт хариуцсан сайдыг эвсэл авахаар ярилцсан шиг байна. Харин нэр дэвшигчдийнх нь сураг тун бүрхэг. Гэхдээ шинэ Засгийн газрын гишүүд өнөө орой гэхэд тодорхой болж олны сониуч занг дарах биз.
/Өдрийн сонин, 2004.09.23, 236/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button