Эрүүлжүүлэхэд ордог хүний тоо нэмэгджээ
Эрүүлжүүлэх байр тойрсон олон асуудал бий. Харин бид иргэдийн гомдоллоод байдаг асуудалд хариу авахыг зорилоо. Жишээлбэл, цагдаа нар бараг согтоогүй байхад ачаад явдаг. Эсвэл согтууг далимдуулж хармаанд байсан юмыг авчихаад өглөө нь өгдөггүй, аль эсвэл эрүүлжүүлэх нэрэн дор зоддог гэх зэрэг явган ярианд холбогдох хүмүүс ямар тайлбар өгөхийг асуулаа.
Одоо удахгүй хүйтэрч байна. Гадаа согтож тасарч унаж хөлдөж үхэхээс аврах, мөн гэр орондоо агсам согтуу тавигчдыг энд саатуулдаг зэрэг нь эрүүлжүүлэх байрны сайн тал юм. Харин анхаарууштай талын талаар иргэд болон эрүүлжүүлэх байрныхан бидэнд мэдээлэх байх.
-Бүдүүлэг харьцах явдал байнга гардаг. Тэрийг бид ч бодож явдаг. Архи ууж согтуураад зөрчил гаргаад орилж хашгираад агсам тавиад байгаа хүмүүс дээр болохоор манай цагдаа нар үүргийнхээ дагуу ажилладаг. Тэгэхээр тэр хүмүүс цагдаагийн эрх чөлөөнд халдах явдал байна, согтуу хүмүүс цагдааг цохино, өшиглөнө, хувцсыг нь урах асуудал хэвийн үзэгдэл. Тэр бүхэнтэй цагдаагийн албан хаагч албадлагын арга хэмжээ авах ёстой. Нэг удаагийн машинаар орж ирэлтээр арваад хүн орж ирж байгаа. 10 гаруй хүнийг эрүүлжүүлэх байрны нэг эмч бүгдийг нь хүлээж авна. Тэр улсууд эрүүл саруул ухаантай орж ирэхгүй, мэдээж зодолдож нүдэлдсэн орж ирдэг учраас эд зүйл нь алга болох тохиолдол байж болох юм.
Харин энэ тухай иргэдээс санал авах гэтэл эрчүүд бүгд л эрүүлжүүлэхэд орж үзээгүй болж хувирлаа. Зарим нэг нь дараа нь цагдаа нарт дарамтлуулах гэж түвэг гэж байлаа. Цагдаа нарын ёс суртахууны талаар иргэд ингэж ярив.
-Хүмүүсийг чирэгдүүлэх тал нь илүү давамгайлсан гэмээр байдаг. Танил тал их хардаг. Эрүүлжүүлэх тасгийн цагдаа нарыг сайн мэдэхгүй байна.
-Иргэний хэв журам сахиулж байгаа цагдаа нарыг би хүндэлдэг. Яагаад гэвэл манай Монголын ард түмний хамгийн хүнд хүчир ажлыг хийдэг. Цагдаа нарыг улсууд их зөвөөр ойлгох ёстой. Бидний энх амгалан байдал, амь насыг хамгаалдаг учраас ард түмэн маань цагдаа нартай хамтарч бас ажиллах ёстой гэж би боддог.
Уулын мод урттай, богинотой гэдэг. Зарим нэг авир муутай хүмүүсээр Монголын цагдааг хэмжинэ гэж болохгүй. Гэхдээ олны үг ортой гэдгийг санаж цагдаа нар зан харьцаандаа анхаараад авахад илүүдэхгүй байх. Харин эрүүлжүүлэх тухайд гэвэл архидан согтуурахтай тэмцэх шинэ хуульд нэмэлт өөрчлөлт орж эрүүлжүүлэх журам өөрчлөгдсөн гэнэ. Энд ямар хүнийг эрүүлжүүлэх вэ гэхээр нэгдүгээрт биеэ авч явж чадахгүй болсон, хөл дээрээ тогтож чадахгүй бол, хоёрдугаарт захиргааны зөрчил гаргасан хүмүүс, гуравдугаарт гудамж талбайд согтоод унасан орон гэргүй хүмүүсийг эрүүлжүүлэхээр болсон байна.
/MN-25 телевиз/