Автомашины түгжрэл ихсэх боллоо
Сүүлийн жилүүдэд замын түгжрэл ихэсч иргэдийг бухимдуулах болсоор удлаа. Уулзвар бүр машинаар хахаж овоорсон машин, бухимдсан жолооч олонтаа. Эдгээр замын гацаа түгжрэлийн шалтгааныг албаныхан тайлбарлахдаа,
-Нэгэнт бий болсон энэ хөдөлгөөний хүнд нөхцөл байдал, хөдөлгөөндөө соёлтой зөв оролцож, дүрэмд заасан шаардлагаа зөв биелүүлж, тэмдэг дохио заалтаа удирдлага болгохгүйгээс болж жолооч нар, явган зорчигчид зохиомол хөдөлгөөний саатал учруулж байна. Энэ хөдөлгөөний сааталтай тэмцэх ямар аргууд байх вэ гэвэл, эхний ээлжинд хөдөлгөөнд оролцогсод өөрсдөө сахилга соёлтой оролцож дүрэмээ биелүүлэх шаардлагатай.
Тээврийн хэрэгслийн тоо өмнөх жилүүдэд 11 мянгаар нэмэгдэж байжээ. Харин сүүлийн гурван жилд 20 мянгад хүрэх болсон байна. Жил ирэх тусам машины импорт өсч байгаа, цаашид ч тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Өндөр хөгжилтэй орнууд замынхаа заримыг нь нэг чигийн урсгалтай болгоод түгжрэл гацааныхаа асуудлыг хялбархан шийдчихсэн, харин манай орны хувьд,
-Нэг чигийн хөдөлгөөнд бид нар гурав, дөрвөн гудамж оруулсан. Yүнийг цаашид хязгааргүй оруулаад байснаар хөдөлгөөн бас сийрэхгүй. Тиймээс шинэ хөдөлгөөнд оруулах оновчтой юмаа оруулна, оруулахгүйг нь хөдөлгөөнөө зохицуулна. Хамгийн гол нь инженерийн байгууламжуудыг шинэчилж, хоёр төвшний хөдөлгөөний зорчигчдыг юуны өмнө шийдэхгүй бол, өнөөдөр энэ чигээрээ тээврийн өсөлт үргэлжлэх юм бол мөн хөдөлгөөний сааталд орно.
Машины өсөлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед замын сүлжээ нэмэгдсэн үү гэвэл үгүй. Нүдэнд харагдаж гарт баригдах дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тухай ярих хүн цөөнгүй. Өндөр хөгжилтэй ихэнх орнууд машины нүхэн гарц, гүүрэн зам олноор нь байгуулаад хөдөлгөөний нягтралаа сийрүүлсэн байдаг. Манай орны хувьд нэг дор бүтээн байгуулах нь бүтэшгүй ч бага багаар барьж байгуулж энэ асуудлаасаа гарахсан.
/MN-25 телевиз/