Сайд нарын асуудал МАХН-аас болж гацлаа
Эх орон-Ардчилал эвслийн тухайд уржигдар бүлгийнхээ хурлыг хийж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулах эрхийг Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид өгсөн билээ. Харин МАХН-ын бүлэг өчигдөр өглөө, орой хоёр удаа, намын удирдах зөвлөл өдөр дундын үед хуралдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцжээ. МАХН-ын тал эвслийн нэг адил өөрт ногдох яамдын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг нэгдсэн хуралдаанд оруулах эрхийг УИХ-ын дарга Н.Энхбаярт өгсөн байна. МАХН-ын бүлэг асуудлаа эцэслэн шийдэж чадалгүй удсанаас өчигдөр байнгын хороод, чуулган хуралдаж чадсангүй.
Сураг сонсоход өмнө нь нэр дэвшүүлэхээр яригдаж байсан хүмүүст хөдөлгөөн орж буй бололтой. Гадаад хэргийн сайдад өмнө нь дэд сайд байсан гишүүн Сү.Батболдын нэр орж ирсэн сурагтай. Хууль зүй, дотоод хэргийн сайд мөн л тэдний дэд сайд байсан гишүүн Ц.Мөнх-Оргилыг ярьж эхэлсэн гэнэ. МАХН-ын Удирдах зөвлөл урьд тохиролцсон нэрийг өөрчлөх бүрэн эрхтэйгээ өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр харуулж намын бага хурлаас дэмжигдсэн хүмүүсийг хаа хамаагүй нөхдөөр сольж байсан билээ. Энэ удаа ч тэгж буй бололтой. Эвслийн хувьд Сангийн сайдад нэр дэвшсэн П.Цагаан нэрээ татаж Эх орон-МАШСН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн талаар чих дэлсч байна. Хоёр тал жендерийн асуудлыг бодолцон нэг нэг эмэгтэй сайд төрүүлэхээр ярилцаж байгаа дуулдана. МАХН гишүүн Т.Гандийн нэрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад дэвшүүлэхээр ярьж байгаа бол эвслийн тлааас гишүүн Б.Мөнхтуяа Засгийн газрын гишүүн болох магадлал өндөртэй байгаа аж. Гэвч хажуугаар Ц.Элбэгдоржийг 1998 онд Ерөнхий сайд байхад шадар туслах нь байсан Ц.Оюунгэрэлийн нэр ч сонсогдлоо. Ер нь 13 яамыг толгойлох сайдын долоог МАХН, зургаар эвсэл авахаар урьдчилан тохироод байгаа гэнэ.
Эрхэм гишүүд өнөөдөр Засгийн газрын бүтцийг хэлэлцэх байх гэсэн ам сураг төдий сууцгаана. Зарим эх сурвалжийн мэдээлснээр зориуд баасан гаригт томилгоо явуулахаар төлөвлөсөн бололтой. Дараалаад хоёр амралтын өдөр таардаг тул тав дахь өдрийн оройхон тийш халаа сэлгээ, томилгоо явуулах нь бага эрсдэл дагуулдаг гэнэ. Амралтын өдрүүдэд баяраа тэмдэглэж, гомдлоо тайлахад хялбар байдаг талаар туршлагатай улстөрчид ярьж байна.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/