Зодооны урлагийг багаасаа л сонирхдог байлаа
-Тэмцээний сонин сайхнаас хуваалцахгүй юу. Манайхан бүгд л алт, мөнгөн медаль хүртсэн гэсэн?
-Бид тавуулаа явсан. Дөрвөн тамирчин, менежерийн хамт. Манайхан бүгд амжилттай оролцсон. Гурван залуу маань гурвуулаа алт авснаас гадна давхар төрөлд хүч сорьсон. Тухайлбал, 54 кг-ын жинд Ө.Энхбаяр чөлөөт сандогийн төрлөөр алт, кикбоксоор мөнгө авсан. 57 кг-д Ө.Саруул-Од сандо боксоор алт, кикбоксоор хүрэл, 71 кг-ын жинд Д.Отгонбаяр сандо бокс, кикбокс хоёуланд нь алт хүртсэн. Бид нийтдээ дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай ирсэн. Миний жинд 12 тамирчин өрсөлдсөн. Би эхний тойрогтоо хий мөргөөд дараа нь Унгар, АНУ-ын тамирчидтай тоглосон. Харин аваргын төлөө мөн АНУ-ын тамирчинтай тоглоод ялагдсан.
-Та сандо боксын дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол эмэгтэй боллоо. Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна. Өмнө нь ямар амжилт үзүүлж байв?
-Би арван жилийн сурагч байхдаа бие хамгаалах урлагийн дугуйланд явдаг, бокс болон зодооны урлагийг их сонирхдог хүүхэд байсан. Гэсэн хэдий ч энэ спортоор хичээллээд тавхан жил болж байна. Yзүүлж байсан амжилт гэвэл сонирхогчийн боксын улсын аваргын алт, мөнгөн медальтай. Өнгөрсөн онд манай улсад зохиогдсон кикбоксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа.
-Та ямар мэргэжилтэй вэ. Одоо хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Менежементийн мэргэжилтэй. Одоо манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны хамгаалалтын албанд ажилладаг.
-Эмэгтэй хүн бокс тоглоод бас хамгаалалтын албанд ажилладаг гэхээр сонин байна л даа. Таныг хоёр хүүхэдтэй гэж сонссон. Гэр бүл болон албаны ажил, мөн бэлтгэлээ хэрхэн амжуулж байна даа?
-Ингэж асуух хүн олон байдаг л даа. Гэхдээ хүн хэдий чинээ завгүй байна, төдий чинээ олон ажил амжуулдаг гэдэг үнэн үг. Миний хүүхдүүд тийм ч нялх биш учраас ажилд маань төдийлөн садаа болодоггүй. Тэгээд ч гэрийнхэн маань их дэмжиж тусалдаг. Ойр дотны хүмүүсийн дэмжлэг туслалцааг авдаг ч гэлээ эхнэр, ээж хүний хувьд мэдээж их ажилтай. Тиймээс байнга бэлтгэл хийх боломжгүй долоо хоногт хоёр удаа л бэлтгэл хийдэг.
-Кикбокс, сандо боксийн ялгаа нь юу вэ. Ер нь бокс эмэгтэй хүнд хэр тохиромжтой спорт юм бол?
-Бокс эмэгтэй, эсвэл эрэгтэй хүнд тохиромжтой гэж тодорхойлмооргүй байна. Яагаад гэвэл бүх төрлийн спорт ямар ч хүнд тодорхой хэмжээний хүмүүжил олгодог. Миний хувьд боксыг сонирхдог. Yүгээр хичээллэх дуртай. Сонирхдог дуртай зүйлтэй байна гэдэг бол хүмний амьдралын утга учир юм.
Кикбоксоос сандо бокс нь өшиглөх, өвдөглөхийг, тодорхой хугацаанд барьц авсан тохиолдолд мэх хийхийг зөвшөөрдгөөрөө ялгаатай.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/