Ш.Нанзад Машины чанарыг тогтоодог байгууллага Монголд байхгүй

Да хүрээ техникийн захын Тамгын хэлтсийн дарга Ш.Нанзадтай энэ талаар ярилцлаа.
-Монголд зарагдаж байгаа машинуудын чанар стандартын баталгааг хангадаг байгууллага бий юу?
-Худалдаалагдах машинуудын техникийн шаардлага ханагж байгаа эсэхийг шалгадаг газар Монголд байхгүй. Гаднаас оруулж ирсэн машин тухайн оронд ямар нэгэн техникийн оношилгооны лабораториор орсон уу, үгүй юү гэдгийг зарж буй хүмүүс л мэднэ. Манайд одоо бол сайндаа нэг гарч давхиж үзээд, энд тэндээс нь шагайж хараад л машин худалдан авчихаж байгаа юм. Уг нь зарагдах машиныг техникийн оношилгоонд оруулж, ямархуу чанар, стандартын үзүүлэлттэй юм бэ гэдгийг нь тогтоодог баймаар байна. Тийм үйлчилгээ одоохондоо алга даа.
-Гаалиар орж ирэхэд нь үзэж хянадаггүй хэрэг үү?
-Гааль машины үйлдвэрлэгдсэн он мэтийн зүйлийг бичиг баримтан дээрээс л бүртгэж аваад, татвар оногдулаад оруулчихдаг юм шүү дээ. Түүнээс оруулж ирж буй машины техникийн аюулгүй байдал, чанар стандартыг хянаж тогтоодоггүй.
-Тэгэхээр тухайн машин хэдэн км явсан, хичнээн км явах хүчин чадалтай вэ гэдгийг мэдэх аргагүй байх нь ээ?
-Худалдагч, худалдан авагч хоёрын хооронд үүсэх нөхцөл байдлаас л болно. Худалдагч машиныхаа талаар тодорхой ойлголттой байх нь мэдээж. Харин зарагдсаны дараа хэдэн км явж байгааг судалж байж тогтооно. Тов тодорхой юм хэлэхэд хэцүү. Тэдэн онд төчнөөн машин орж ирсний төд нь өнөөдөр хэрэглэгдээд явж байгаа гэх тооцоо судалгаа байхгүй. Техникийн үзлэгээр хийгддэг оношилгооны зүйл бусад үед хийгддэггүй юм.
-Худалдан авсны дараа машины чанарт сэтгэл дундуур үлдэхгүй гэх баталгаа үгүй шив?
-Харин наадах дээр чинь л маргаан гарч байдаг юм. Гэхдээ авснаас хойш сар, жил бололгүй ийм болчихлоо гэж гомдол санал тавьсан тохиолдол гардаггүй. Тааруухан юм авчихаж дээ, уг нь их л үзэж харж авсан юмсан гэх нэгэнтэй бол зөндөө таарч байсан. Харин сэлбэгийн тал дээр худалдсан эзнийг нь дагуулаад, барьцалдаад ороод ирэхнь бий. Тийм учраасл оношлуулан худалдаж байвал аль аль талдаа хэрэгтэй.
-Хэрэв баталгаагүй машин аваад ямар нэгэн юм болвол хэнтэй хариуцлага тооцох вэ?
-Зарсан эзэнтэй нь. Түүнээс Да хүрээ-д хандах үндэс байхгүй. Манайх бол хэрэглэгч, худалдагч хоёрын уулзвар болж л өгдөг. Түүнээс бус зарах гэж байгаа машин чинь техникийн стандартыг хангахгүй байна, эсвэл 20 жил болсон машин зарах гэлээ, заруулахгүй гэх шаардлагыг тавьдаггүй. Юугаа, яаж зарах нь хувь хүний дурын асуудал.
-Зарагдаж байгаа машинуудын чанараар жаахан дулимаг нь хаанахын ямар машин байна вэ?
-Солонгос машинууд хэрэглэгдэх чанар, олон жилийн эдэлгээний хувьд бусад орны машиндаа арай хүрдэггүй. Гэхдээ сэлбэг хэрэгсэл нь хямд байдаг болохоор хэрэглээний хүрээ өргөн байдаг юм.
-Нэг үе гаднаас задалсан машин оруулж ирээд угсарч зардаг байлаа. Нэг онигоо маягийн юм байдаг шүү дээ. Гаднаас оруулж ирсэн машинаа энд угсарчихсаны дараа цаасан хайрцаг дүүрэн эрэг боолт үлдчихсэн байсан гэж. Одоо тэр байдал төгсгөл болсон уу, мэр сэр бий болов уу?
-Байхгүй болсон. Хоёр жилийн өмнө түүнийг чинь бүр хориглочихсон. Тэгэхэд чанарын хангалтгүй машинууд гардаг л байсан биз. Томоохон гараашууд бүгдээрээ л угсралтын газар болчихсон, тэр байтугай айлын хашаанд хүртэл угсардаг байсан. Мөн гаалиар сэлбэг гэж оруулж ирээд л, машин болгоод зардаг байсан.
-Хуурамч машин, сэлбэгний асуудал их яригддаг. Тухайлбал, Хятадад УАЗ-469, фургон маркийн автомашиныг дуурайлган үйлдвэрлэдэг гэж дуулж байсан юм байна?
-Хятадад үйлдвэрлээд байгаагүй. Харин орос машины сэлбэгүүд тэнд хийгдчихээд хойноосоо Оросынх гээд ороод ирдэг явдал бол бий. Гэхдээ одоо Хятадынх шүү гэж хэлээд зардаг болсон байна. Яагаад гэвэл Хятадад хийгдсэн сэлбэг орос сэлбэгээсээ хямд байдаг юм.
/Өдрийн сонин, 2004, 09.24, 237/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button