Асашеорюүгийн оронд Ама Бямбадорж
Тэмцээний сүүлчийн өдөр хүчит озэки их аварга Д.Дагвадоржийг ёрикири мэхээр дэвжээнээс түлхэн гаргаж давсан. Саяхан хийсэн хурим найрнаас болоод ч тэр үү, Аки башёд бэлтгэл муутай орсон их аварга сүүлийн хэдэн өдрүүдэд ганц ч ялалт авч чадсангүй. Сүүлдээ ч бүр түүнд ялъя гэсэн бодол огт байхгүй болчихсон мэт харагдаж, тун идэвхгүй барилдаж байлаа. Гэхдээ их аварга дараа дараагийн башёд бэлтгэлээ сайн хийгээд орвол түрүүлж чадахгүйн зовлон байх биш. Асашёорюү энэ удаагийн тэмцээнийг есөн даваа, зургаан унаатайгаар дуусгалаа. Тэрээл сурвалжлагч нар өгсөн ярилцлагадаа Кюшо башёд Кайогийн их аварга болох замд нь би хөндөлсөх болно гэж хэлсэн байна
Аки башёд ахмад бөх Кёкүшюзан Д.Батбаяр тун сайн барилдаж 11 даваа, дөрвөн унаатайгаар үдэв. Тэмцээний эхний өдрөөс шуугиан тарьж эхэлсэн тэрээр сүүлчийн өдөр маэгаширагийн зүүн жигүүрийн 14-т бичигдсэн Хаяатеүмиг ялсан. Нэг башёд тавин хувиа хийгээд дараагийн башёд өнжчихдөг түүний хувьд 11 даваа гэдэг бол ойрд үзүүлээгүй том амжилт юм.
Маэгаширагийн зүүн жигүүрийн дөрвөөс босч барилдсан Асасэкирюү Б.Дашнямын хувьд тэмцээний сүүлчийн өдөр зүүний 16-д бичигдсэн Аминишикид ялагдсанаар 4 даваа, 11 унаатайгаар тэмцээнээ дуусгав. Тэрээр ирэх башёд чансаа буурч барилдана.
Кёкүтэнхо Н.Цэвэгням, Хакухо М.Даваажаргал нар сүүлчийн өдөр учраа таарч барилдсанаас Хакухо уватедашинагэ мэхээр давж тавин хувиа хийж чадлаа. Харин Н.Цэвэгням түүнд унаснаар 5 даваа, 10 унаатай тэмцээнийг дуусгав.
Хэдийгээр макуучи буюу дээд зиндаанд их аварга түрүүлж чадаагүй ч жүрёод Ама Д.Бямбадорж анх удаагаа түрүүлж, мэргэжлийн сүмогийн аль нэг зиндаанд заавал түрүүлдэг монгол бөхчүүдийн буухиаг тасалсангүй. Жүрёогийн зүүн жигүүрийн дөрвөөс босч барилдан 11 давж, дөрөв унасан Ама Д.Бямбадорж ирэх арваннэгдүгээр сарын башёд дээд зиндаанд дэвшин барилдах биз ээ.
Мөн баруун жигүүрийн хоёрт жагсан барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар 9 давж тавин хувиа хийж чадлаа. Тэр ч гэсэн ирэх башёд дээд зиндаанд ахин дэвшиж магадгүй.
Аки башёгийн гарамгай барилдаант бөхийн шагналыг маэгаширагийн баруун жигүүрийн гурваас босч барилдсан Точинонада /11-4/, дайчин бөхийн шагналыг маэгаширагийн зүүний ест бичигдсэн Котоновака /10-5/, энэ сарын тэмцээнээс эхлэн дээд зиндаанд дэвшин барилдсан Оросын бөх Рохо /10-5/ нар хүртлээ.
Харин техниктэй бөхийн шагналын эзэн тодорсонгүй.
/Өдрийн сонин, 2004, 09.27, 239/