Засгийн газар байгуулах нь зарим хүний ёс суртахууны асуудал болжээ

Мөн эдийн засаг, нийгмийн хүрээнд ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхүйц олон амжилт олсон. Монголчуудын оюуны үнэт капиталыг бүтээгч эрдэмтэд, урлаг соёлыг дэмжих тэтгэлэг, шилдэг оюутнуудад олгох нэрэмжит стипенд энэ бүхнийг тэр санаачилжээ. Монголын хамгийн анхны Гоо зүйн дээд шагнал мөн л түүний санаа юм. Тус шагналыг гардуулах ёслолын үеэр Л.Болдтой цөөн хором ярилцлаа.
-Нэр хүндтэй шагнал санаачилж, оюуны бүтээлийн үнэлэмжид хувьсгал гаргасанд баяр хүргэе. Энэ шагналынхаа талаар тодруулж ярина уу?
-Монгол хүний сэтгэмжээр бүтсэн яруу сайхан бүтээлийг алдаршуулах зорилгоор энэ шагналыг С.Лувсанвандан сангаас санаачилсан юм. Миний аавыг эх орондоо гоо зүйн шинжлэх ухааныг үндэслэсэн хүн гэж үздэг. Соёлтой ард түмэнд гоо зүй гэдэг хамгийн дээд ойлголт байдаг. Манай монголчууд гоо зүйн асар өндөр мэдрэмжтэй, гоо зүй нэвтшингэсэн ард түмэн. Эх нутгийн маань байгаль тэр чигээрээ гоо зүйн тансаг сайхан илэрхийлэл юм. Ер нь гоо зүйгүй юм гэж үгүй. Орчлон хорвоогийн эгэл жирийнээс эхлээд агуу хүртэлх бүх зүйлд гоо зүй шингэсэнбайдаг. Гэтэл өнөөдөр соёлыг дорд үзэх болсон нь хүний нийгмийн хамгийн хүнд өвчин юм. Хүнд гоо зүйн таатай орчинд амьдрах, гоо зүйн хүмүүжил суух нь хамгийн чухал. Шагналын гол зорилго нь монгол хүний гоо зүйн боловсролд жинтэй хувь нэмэр оруулсан бүтээлийг шалгаруулжолны хүртээл болгох, бүтээлчийг нь хөхиүлэн дэмжих юм. Нөгөө талаар оюуны бүтээлд төрийн анхаарал халамж дутагддагт олны анхаарлыг хандуулахыг хүссэн юм. Үүнээс санаа авах болов уу гэж найдаж байна. Шагналын сан маань энэ удаа арвансая төгрөг. Энэ доод хэмжээ нь. Цаашдаа улам арвижиж, гоо сайхныг бүтээгчдэд санхүүгийн дэмжлэг болно гэж бодож байна. Гоо зүйн шагналыг жил бүр олгох болно.
-Таныг бас герман хэлний Гёте сургуулийн удирдлагад сонгогдсон гэж сонслоо. Боловсрол, соёлын асуудлыг нэлээд анхаардаг бололтой?
-Боловсролын салбартаа анхаарал тавихгүйгээр Монгол улс хөгжих боломжгүй гэж боддог. Энэ утгаар зөвхөн Гёте биш өөр олон барууны менежменттэй, гадаад хэлийг гүнзгийрүүлэн үздэг сургууль байх нь зүйтэй юм. Мөн англи хэлийг албан ёсны хэл болгох асуудалд төр засаг анхаарах хэрэтэй байна. Монголд франц, герман хэлийг унаган эзэмшсэн боловсон хүчин бэлтгэх цаг нь болсон. орос, Хятад гээд хоёр их хөршийн маань хэлийг судалдаг сургууль манайд хангалттай олон болжээ. Европын холбооны тэргүүлэх гүрнүүдийн хувьд Франц, Германы хэл соёлыг зайлшгүй судлах хэрэгтэй гэж боддог. Гёте-г хамгийн анхны Европын түвшинд хүрсэн сургууль болгохоор зорьж ажиллаж байна. Мөн франц сургууль байгуулах төлөвлөгөө бий. Ер нь зөвхөн боловсрол, соёлын салбарт ч бус хийж бүтээхээр зорьсон олон зүйл байна даа.
-Тантай уулзаад улс төрийн хүрээнд өнөөдөр өрнөж байгаа үйл явцын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Өөрөө энэ улс төрд ер нь оролцож байгаа юу?
-Би нийгэмд идэвхтэй байр сууриа хэзээ ч орхиж байгаагүй. Улс орны хэмжээний асуудал, төр засгийн бодлого яригдаж байгааг анхааралтай ажиглаж л сууна.
-Зүүн хойд Азийн нийгэмлэгийг Засгийн газар байгуулах зөвшилцөлд нэлээд идэвхтэй оролцож байгаа, хор найруулагч гэх мэтээр мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар асууж байгаа юм?
-Зүүн хойд Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон, дэд Ерөнхийлөгчийнх нь албыг хашдаг хүн бол яах аргагүй би мөн. Нийгэмлэгийг энэ бүс нутийн эдийн засгийн хамтын ажиллагаанд улс орноо хамруулах зорилгоор байгуулсан. Зүүн хойд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн томоохон төв болох магадлал өндөр байгаа юм. Уудам нутаг дэвсгэртэй, байгалийн баялаг ихтэй ОХУ-ын Сибирь, хүчирхэг АНУ-ын Аляскийн хэсэг, өндөр техник технологитой ч газар нутгийн хувьд хязгаарлагдмал Япон, БНСУ, ажиллах хүчний асар их нөөцтэй БНХАУ-ын хойд мужуудыг хамарч байгаагаараа энэ бүс маш онцлог. Дэлхийн улс төрийннөхцөл байдлаас болоод энэ үйл явц одоогоор удаашралтай байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааны эх сууриуд нь тавигдаад эхэлчихсэн, Зүүн хойд Азийн хөгжлийн банк байгуулагдахаар болоод байна. Энэ эдийн засгийн интеграцид л улс орноо хамруулах зорилгоор нийгэмлэгийг санаачилсан. Сая 9-р сарын 11-нд дөрвөн жилийнхээ ойг тэмдэглэлээ. нгөрсөн хугацаанд хийсэн ажил ч чамгүй бий. олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож, Монгол улсын нийгэм эдийн засгийн цогц судалгаа явуулсан. Энэ бүхний мөн чанарыг ойлгоод ирэхээр МАХН-ын гишүүд ч нийгэмлэгийн удирдах зөвлөлд сонгогдоно гэдэгт итгэлтэй байна. Гишүүд маань өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй, бүгд бие даасан хүмүүс. Гэтэл би бүгдийг нь цуглуулаад хор найруулаад суудаг гэх ухааны мэдээллүүд хэвлэлд гарсан байна лээ. Ер нь бл хэниймэрхүү зүйл бичүүлээд байгааг би мэднэ. Утасдаад хэлдэг сайн хүмүүс ч байх юм. Нэг зүйлийг энд онцолж хэлмээр байна. Засгийн газар гэдэг чинь нэг л албан байгууллага шүү дээ. Гэтэл үүнийг байгуулахын тулд болж байгаа үйл явцаас нийгэм эрүүл биш байна гэдэг нь илт харагдаж байна. Зсгийн газраа байгуулах нь өнөөдөр хууль эрх зүйн болон улстөрийн зөвшилцлийн хүрээний биш, харин зарим нэгэн хүний ёс суртахууны асуудал болоод байх шиг сэтгэгдэл төрж байна.
-Таныг сайдад нэр дэвшиж байгаа гэж сонссон. Үүнээс болоод хүмүүс хор найруулж байна гэж хардад байгаа байх л даа?
-Надад бусдын адил нэр дэвших эрх байна биз дээ. Энэ чинь гэмт хэрэг юмуу? Өмнө нь би ард түмнээс эрх авч МоАХ-ноос АИХ, МоАН-аас УБХ, МүАН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байсан. Энэ бол ямар ч сайдаас илүү том итгэл байсан. Миний хувьд одоо 21 жил улсад тасралтгүй ажиллаж байна. Барилгачнаас банкны дарга, Оюуны холбооноос Их хурал хүртэл чамгүй ихийг туулж өнгөрүүлсэн.Ямар ч ажилд солгой гараар хандаж байгаагүй. Сайдын асуудлыг шийддэг хүн нь би биш, болдоггүй юм гэхэд харамсах юм огт бахйгүй. Ямар амь биш, амьдрал биш.
-Ер нь өнгөрсөн сонгуулийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Үнэхээр сэтгэл түгшмээр дүр зураг харагдаж байна. Бид сонгуулиа явуулж чаддаггүй, ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж чаддаггүй, үр дүнг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй тийм байдалд хүртлээ доошилжээ. Монголын төр 24, 59-р тойргийн сонгогчдоос уучлал гуйх хэрэгтэй. Дахин ийм зүйл бүү давтагдаасай. Хэдэн жилийн өмнө Зүүн Тиморт эрх баригчдын гар хөл бологсод тусгаар тогтнолын төлөө 98 хувийн саналаа өгсөн ард иргэдээ гудамжинд яргалан хороож байсан аймшигт дүр зургийг бид телевизээр үзэж байсан. Сонгуулийн дүнг гаргахгүй байгаа энэ удаан залхаалт бол ийм бодлогын арай хөнгөн хэлбэр нь гэмээр юмуу да. Бид тусгаар тогтнолоо олон зуун жилээр алдаж байсан улс. Өнөөдөр биднийг биеэ даагаад явах чадвартай эсэхэд олон улсыг эргэлзүүлэх бодолтой байхыг үгүйсгэхгүй.Оюуны хомсдолтой хүнтэй хэмжээнд нь тааруулж харьцдаг байдлаар гадаадынхан бидэнд хандаж байгаа нь гутамшигтай юм. Сүүлийн үед тэд манай Засгийн газар хэзээ байгуулагдах вэ гээд инээд алддаг болсон байна лээ.
-Өнөөдөр улс төрд байгаа хамгийн сэтгэл түгшээсэн асуудлыг хэлнэ үү гэвэл та юу гэх вэ?
-Монголын төрийн чанар суларч байна гэж хэлнэ. Төрийн ажил бол ухаантны ажил юм. Түүнээс сайхан дуулдаг, сайхан бүсгүйн ч юмуу ажил биш. Зах зээлийн сегмент нь өөр шүү дээ. Харьцангуй бололцоо олгосон энэ дөрвөн жилд төрийн ажлыг дархлаажуулах алхмыгхийж чадах юм бол гавьяа болно. Жалга довын тойргоос эд хөрөнгө, танил тал гэх зэрэг завсрын фактораар гарч ирсэн хүмүүс төрд орох нь төрийн чанарт муугаар нөлөөлсөөр байгааг олж харахад тийм хэцүү биш.
-Жинхэнэ улстөрчид нь тойргийн гадна байна гэж ойлгож болох уу?
-Аливаа хувьсгал дандаа өөрийн лидерүүдтэй байдаг жамтай. Үүний дагуу ч Монголын ардчилсан хувьсгал олон шилдэг лидерийг төрүүлсэн. Хувьсгал лидерүүдээ эргээд залгидаг гэж Францын хувьсгалын үеэр гарсан үг байдаг л даа. Гэхдээ энэ нь одоо үед нийцэхгүй юм. Өнгөрсөн хугацаанд ардчиллын эсрэг явуулсан гүтгэлэг гүжирдлэгийн тэмцэл бүгд лидерүүдийн эсрэг чиглэж байсан. С.Зоригийг хөнөөж, бусдыг нь тэтгэвэрт гаргаад, амыг нь үднэ гэж бодож байгаа бол эндүүрэл гэж хэлмээр байна. Ц.Элбэгдоржийн цуглаан, Э.Бат-Үүлийн тэмцэл, Да.Ганболдын эдийн засгийн боловсрол, Баабарын нийтлэл, Р.Гончигдоржийн туршлага, М.Энхсайханы менежментгүйгээр энэ нийгэмд хүрсэн гэж үү. Тэд энэ бүгдийг бидэнд авчирсан. Энэ хүмүүсийн ачаар та бид энэ өндөрлөгт байна. Эдэнд маань дахин 20 жилийн улс төрийн идэвхтэй амьдрал байна. Энэ хооронд тэд нийгмээ өөрчлөхөд асар тустай олонолон зүйлийг хийх болно гэдэгт бүү эргэлз гэмээр байна.