Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ

Газар тариалангийн салбарт цааш хөгжүүлчихээр ямар ололттой зүйл байгааг харах зорилготой гэж аяллынханд Ерөнхий сайд танилцуулж байсан. Тэгээд ч газар тариалангийн бүсийн хамгийн ололттой ажиллаж байгаа гэсэн газруудаар явж ажил байдалтай нь танилцлаа. Хөдөө орон нутагт тариаланчид ид ажилтай байна. Тариа хураалт улсын хэмжээнд дунджаар 50 орчим хувьтай байгаа юм байна. Газар тариалангийн салбарын нэлээд амжилттай ажиллаж байгаа хэсэгт нь хөрөнгө оруулалт нэлээд сайн байгаа нь харагдаж байсан. Байгалиас хэт хараат байдлаас гарахыг чармайж байгаа тухай тариаланчид ярьж байна.
Солонгосын хөрөнгө оруулалттай жижиг аж ахуйгаар Ерөнхий сайд анхлан орсон. Энд Монгол, Солонгос улсын хоолны төрөл бүрийн ногоог туршилтын журмаар тариалж эхэлжээ. Солонгосын хөдөө аж ахуйн хот нэртэй энэ газар солонгос ногоочин дөрвөн монгол ногоочинтой хамтран ажиллаж байна. Нэлээд их ачаалалттай ажилладаг гэж ажилчид нь ярьж байсан юм.
Түүнээс гадна хөдөө аж ахуйн Оросын техникүүд нэлээд хуучирч муудсан байна. Тиймээс дотоодын газар тариалан эрхлэгчдэд татварын хөнгөлөлт, техник технологи оруулж ирэхэд нь үзүүлэх саналыг тариаланчид Ерөнхий сайдад тавьж байна. Ерөнхийдөө тариалалт оройтсон тул болц ч мөн оройтжээ. Ойрын өдрүүдэд уулархаг газруудаар бага зэрэг цас орсон ч энэ их нөлөөлөхгүй гэж нутгийн тариаланчид ярьж байна.
Монголчуудын гурилын хэрэгцээ жил ирэх бүр буурсаар байгаа юм байна. Хэдэн жилийн өмнө монголчуудын жилийн хэрэгцээ нь 400 мянган тонн байсан бол одоо 260 мянган тонн гурил хэрэглэдэг болжээ. Тэр хэрээр хүнсний ногооны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа юм байна. Га-гаас дунджаар ес орчим центнер тариа хурааж байна. Гэхдээ усалгаатай болон өндөр техник технологи ашиглаж байгаа газар түүнээс хэд дахин илүү ургацыг авч байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Баяндулаан-Уул компанид Канад технологи, үрээр тариалан эрхэлж эхэлсэн нь нэлээд үр дүнгээ өгч байгаа юм байна. Усалгаатай тариалан эрхлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагууд нэлээд их ажиллаж байна. Зарим газар нь Засгийн газраас тусламж үзүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн анх удаа хөдөө орон нутгаар хийж байгаа аялал Цагааннуур суманд үргэлжилж байна. Энд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монгол улсын хамгийн өндөр хэмжээний ургац авдаг компани дээр ирээд байна. Тэгэхээр энд техник тоног төхөөрөмжөөс эхлээд усжуулалтын систем бүх зүйл нь иж бүрнээрээ шинэчлэгдсэн юм байна. Хуучин газар тариаланд Оросын техник технологийг илүү хэрэглэдэг байсан бол Канадын үр, Канадаас оруулж ирсэн нэлээд өндөр үнэтэй комбайныг оруулж ирснээр Оросын техникийн сар хийдэг байсан ажлыг бараг нэг өдөрт хийж гүйцэтгэдэг тоног төхөөрөмжийг бидэнд танилцуулж байсан юм.
Хөдөө орон нутагт газар тариалангийн бүсүүдэд иргэдэд нэлээд их газрыг тариалалтанд зориулж хуваарилан өгчээ. Гэхдээ харамсалтай нь төдийлөн ашиглахгүй нэлээд их талбай атаршсан байна. Ашигтай ажиллаж байгаа зарим компанид газар хангалтгүй, газар олддоггүй гэж ярьж байна. 3000 га-гаас дээш нэг аж ахуйн нэгж газар авдаггүй хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсныг харуулж байлаа. Тиймээс орон нутгийн иргэд газраа компаниудад жилийн доод тал нь 300 мянган төгрөгөөр түрээслүүлдэг байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button