Хүн төрөлхтний өвчлөлийн ихэнх хувийг халдварт өвчин эзэлдэг

Yнэндээ өвчин устаж үгүй болно гэдэг харьцангуй ойлголт юм. Аливаа хүнд мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй эмгэг хэзээд байсаар ирсэн. Хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа өвчинтэй үе үеийн эрдэмтэн судлаачид цаг үргэлж тэмцсээр нээлт хийсээр байна.
Одоогоор ДОХ-ыг бүрэн төгс эмчлэх нээлт хийгээгүй ч эрэл хайгуул хийсээр л. ДОХ-ыг ХХ зуунд бүртгэсэн боловч өмнө нь XYII зууны үед байсан, эсвэл байгаагүй өвчин үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс аливаа өвчин бүрмөсөн устах гэдэг нь явцуу зүйл аж. Тухайн улс өөрийн оронд гарсан өвчнийг дахин гаргахгүй байх тлааар тэмцэж ирсэн түүхтэй.
Өвчнийг халдварын, халдварын бус гэж хоёр ангилдаг. Дэлхийн хэмжээнд халдварын бус өвчнүүдээс элбэг тохиолдож буй нь зүрх, судасны өвчин зонхилдог. Хүн төрөлхтний өвчлөлийн ихэнх хувийг ихэвчлэн халдварын чанартай өвчин эзэлдэг гэнэ. Эдүгээ шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр зарим халдварт өвчнүүдийг жолоодон устгаж байгаа хэдий ч дэлхийн улс орны хөгжлийн чиг хандлагыг дагаж хүний хүчин үйлд нөлөөлсөн, байгаль экологийн өөрчлөлтөөс шалтгаалан янз бүрийн халдварт өвчин, түүнийг үүсгэгч бичил биетний төрөл зүйл сүүлийн жилүүдэд хувьсаж, өнгө төрхөө сольж олон төрлийн өвчнүүд шинээр дэлгэрсээр байна.
Устаж үгүй болсон өвчин
Манай улсад цагаан цэцэг, халдварт саа нь устаж үгүй болсон өвчний тоонд ордог. Цагаан цэцэг өвчин 1939 оноос хойш манайд бүртгэгдээгүй бөгөөд дэлхийн дахинд 1980-аад оноос алга устаж үгүй болсон гэж ДЭМБ-аас зарлажээ. Мөн ДЭМБ-аас 1988 онд халдварт саа өвчнийг дэлхий дахинд устгах зорилт дэвшүүлсэн байна. Энэ зорилтыг манай улс хариуцлагатай биелүүлсэн бөгөөд 2000 онд устсан гэж үздэг. Харин дэлхий дахинд устсан гэж ойлгож болохгүй юм байна.
Шинээр гарч буй нь
1973 оноос хойш өнөөг хүртэл дэлхий дахинд ДОХ, ханта ба эбола вирусын халдвар, лаймын өвчин, гепатитийн Е, С, D, хелико бактер, шувууны томуугийн тахалт дэгдэлт, SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж гэх зэрэг 40 гаруй халдварт өвчин шинээр бүртгэгдсэн байна. Эдгээр өвчний үүсгэгчийг авч үзвэл ес нь нянгаар, зургаа нь эгэл биетэн, хоёр нь прион, 23 нь вирусээр үүсгэгдсэн байдаг гэнэ. Шинэ танигдаж буй халдварт өвчнүүдийн дотор нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний эзлэх хувь багасч вирус нэмэгдсээр байгаа нь үүсгэгчийг илрүүлэх оношилгооны өнөөгийн түвшинтэй холбоотой аж.
Шинэ халдварт өвчнүүд нь дэлхий нийтэд маш хурдацтай тарж байгаагийн нэг жишээ бол ХХI зууны анхны томоохон тахал хэмээн үздэг амьсгалын цочмог халтай хам аж. Энэ нь 2002 оны сүүл үеэс эхлээд дэлхий дахинаа тархсан бөгөөд одоо энэ үгийг дэлхийн аль ч өнцөг булан бүрт ямар ч насны хүн мэддэг болсон явдал. Өнгөрсөн хугацаанд АЦХаХ-ын халдвар дэлхийн 29 улсад тархаж, 8000 гаруй хүн өвчилж, түүнээс 800 гаруй нь нас барсан төдийгүй олон улсын аялал жуулчлал, эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, сэтгэл зүйд ихээхэн дарамт үзүүлжээ.
Шинээр гарч ирж буй дээрх өвчнүүдээс манай улсын хэмжээнд хамгийн их тархаад байгаа нь бэлгийн замын халдварт өвчин, дараа нь сүрьеэ, мөн вируст гепатитээр өвчилж байгаа гэнэ.
Дахин сэргэж байгаа халдварт өвчин
Сэргэж буй халдваруудаас голлон тохиож буй нь сүрьеэ, сахуу, холер, халуун хумхаа, халдварт мэнэн, дөнгийн халууралт, тарваган тахал зэрэг өвчнүүд орж байгаа юм байна. Тухайлбал, сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээр манай улсад амьсгалын зам, цусны эрхтэн тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах замын эмгэгүүд тэргүүлж халдварт ба шимэгчдийн өвчин дараа нь орох болжээ. Нийт халдварт өвчнөөс заг хүйтэн, тэмбүү, трихоманиаз 40.8 хувь, вируст гепатит 25.6 хувь, улаан бурхан 3.2 хувь, сүрьеэ 9.8 хувь, цусан суулга 5.8 хувь, үлдсэн хувийг бусад халдварт өвчин эзэлдэг аж.
Дэлхий нийтэд дахин сэргэж буй халдварт тооцогдох сүрьеэгийн өвчлөл монголчуудын дунд сүүлийн арван жил ихсэх хандлагатай болж байгаа гэнэ. Антибиотик зэрэг нянгийн болон дархлалын тогтолцоонд нөлөөлөх эмийг хяналт муутай, зүй зохисгүй хэрэглээний улмаас сүрьеэгийн савханцар, халуун хумхаагийн плазмоди, заг хүйтний нян зэрэг нь эмэнд тэсвэржиж дээрх халдваруудын тархалт ихсэх шалтгаан болж байгаа юм байна.
Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 16 сая насанд хүрэгчид, нэг сая орчим хүүхэд ДОХ, ХДХВ-ийн халдвараар халдварлаад байгаа аж. Мөн В вирусын халдвараар жилд хоёр сая орчим хүн өвчилж, В гепатитийн улмаас нэг сая орчим хүн жил тутам амь насаа алдаж байна. Ийнхүү халдварт өвчний аюул занал хэвээр байгаа төдийгүй зарим өвчин шинээр үүсэн бий болж, дахин сэргэж, зөвхөн халдварт өвчин үүсгэдгээр төсөөлж байсан нянгууд архаг эмгэг, түүнчлэн хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдоод байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, ялангуяа глобал дулааралт, озоны давхаргын цооролт, түргэн хурдацтай явагдаж буй цөлжилт, хүн амын хэт төвлөрөл, хотжилт зэрэг нь бичил биетэн шинээр үүсгэх, халдварт өвчин дахин сэргэх гол хүчин зүйл болж байгаа аж.
Халдварт өвчнийг бууруулахад сэргийлэлт чухал
Халдварт өвчний тархалт, тохиолдлыг бууруулах, өвчнийг устгах нь тархвар судлалын шинжлэх ухааны гол зорилго бөгөөд хяналт, тандалтын үндсэн дээр энэхүү зорилгоо биелүүлэх боломжтой аж. Халдварт өвчнийг бууруулах, устгах үйл ажиллагааны чухал хэсэг нь сэргийлэлт юм.
1840 онд Англид нэг сая хүн ам тутмаас 4000 хүн сүрьеэгийн улмаас нас барж байсан бол 1880 онд сүрьеэгийн үүсгэгчийг илрүүлснээр 2000 хүн нас бардаг болж. 1940 онд өртөмхий бүлгийн хүмүүст вакцин хэрэглэж эхэлснээс 500 хүн нас бардаг болжээ. Энэ нь аливаа эмгэгийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, өртөмхий бүлгийн хүмүүсийг илрүүлснээр тухайн эмгэгээс сэргийлж болно гэсэн үзэлд хүргэсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг урьдчилан мэдэхэд чиглэсэн үйл явдлыг сэргийлэлт гэнэ.
/Өдрийн сонин, 2004, 09.29, 241/