Жуулчид нутаг буцлаа
Жуулчдын ирдэг оргил үе нь ч 7-р сар буюу Улсын их баяр наадам. Энэ жилийн улсын баяр наадмаар олон жуулчин зочилсныг бид мэднэ.Цэнгэлдэх хүрээлэн гадаадын зочдын хөлд багагүй дарагдсан байх шүү. Ер нь гудамж талбай, онгоцны буудал тэр чигтээ жуулчдаар дүүрэн байсан.
Дэд бүтцийн яамнаас МИАТ, төмөр зам зэрэг байгууллагыг бүх хүчин чадлаар нь ажиллуулсан. Монголд зочлохыг хүссэн жуулчдыг авахынтулд Кореан Эйр, Аэрофлот, Эйр Чайна компаниудад долоо хоногийн өдөр бүр нисэх зөвшөөрөл олгосон. Хэрвээ үндэснийхээ компанийн орлогыг бодвол ийм зөвшөөрлийг өгөхгүй байсан тухай мэргэжлийн хүмүүс ярьсныг санаж байна. Төмөр зам дээр гэхэд Хятадын холбогдох байгууллагатай ярилцсаны эцэст нэмэлт галт тэрэг явуулсан нь аялал жуулчлалын салбарынхны талархлыг хүлээсэн байх. Тээврийн хэрэгсэл бүх хүчин чадлаараа ажиллаад ч хилийн чанадаас Монголыг зорих жуулчдыг тээвэрлэж хүчрэхгүй байсан тухай аялал жуулчлалын бизнесмэнүүд ярьсан.
Харин өнөөдөр гудамж талбайгаар жуулчид ховор үзэгдэх болж. Аргагүй биз. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байна. Гэхдээ л жуулчны баазууд зочид ихтэй, Чингисийн нутгийг үзэх жуулчид ирсээр байгаа аж.
10-р сарын 10-наар жуулчны улирал дуусч, Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо хамтран Discoүer Mongolia жилийн хаалтын арга хэмжээг хийхээр төлөвлөжээ.
Манайд хэдэн жуулчин ирээд байна вэ?
Энэ оны эхний 8 сарын байдлаар 196344 жуулчин манайд зочилжээ. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 70 мянга гаруй жуулчнаар илүү байна. Бүс нутгуудаар нь авч үзвэл Зүүн АХзи ба Номхон далайн орнуудаас 125 мянган жуулчин иржээ. Америк тивээс 8529, Европоос 61694, Ойрхи Дорнодоос 190, Африкаас 144 жуулчин аялжээ.
Энэхүү статистик мэдээллийг Аялал жуулчлалын газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран гаргадаг. Манай хилээр эхний найман сард 199373 гадаадын иргэн орж ирсний 196344 нь жуулчид гэнэ. Тэгэхээр гурван мянга нь албан ажил буюу бусад чиглэлээр зочилсон болж таарлаа. 3000-хан иргэн аялал жуулчлалаас бусад чиглэлээр ирсэн гэдэгтэй зарим мэргэжилтэн санал нэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү статистик мэдээллийг нэлээд хуудуутай гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Хятадаас 88 мянга, Хойд хөршөөс 33 мянган жуулчин манайд зочилжээ. Хоёр хөршөөс маань дпээрх тооны жуулчид зөвхөн аялахаар манайд ирсэн үүгэсэн асуултын хариу бүдэг байгаа биз.
Монголын хилээр алхсан гадаадын иргэн бүрт ямар зорилгоор явж буйг нь бичгээр асууж энэ статистик мэдээллийг гаргадаг юм билээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар ийм мэдээлэл гаргах аргачлал нь дэндүү болхи хэмээн шүүмжилсэн. Ер нь цаашдаа орчин үеийн техник технологийн давуу талыг ашиглаж ажиллах цаг болсныг тэмдэглэж байна.
Статистик мэдээллийн бодитой эсэхийг сайн мэдэхгүй ч өнөө жил Монголд зочилсон жуулчдын тоо нэмэгдсэн нь лав. Өнгөрсөн жилийг Үisit Mongolia хэмээн зарлаж төр, засгаас олон арга хэмжээ авахаар төлөвлөсөн боловч харамсалтай нь Азиддэгдсэн SARS-ын улмаас Монголд зочлох жил будаа болсон. Харин зочлох жилийг үргэлжлүүлэн Discoүer Mongolia хэмээн зарласан билээ. Ямар ч гэлээ өнгөрсөн жилийн шарх-ыг нөхөж багагүй жуулчин хүлээн авчихлаа. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 гаруй мянгаар илүү жуулчин зочилно гэдэг бага тоо биш. Гэхдээ Discoүer Mongolia гэж зарласнаар 200-гаад мянган жуулчин манайхыг зүглээгүй биз. Харин дэлхийн аялал жуулчлалын хандлага Азитив рүү, тэр дундаа Хятад,Монголыг үзэх сонирхол ихэссэнтэй холбон тайлбарладаг.
Үнэнийг хэлэхэд Зочлох жилийн хүрээнд төр, засгаас аялал жуулчлалын салбарт дорвитой бодлого, арга хэмжээ аваагүй шүү дээ. Аялал жуулчлалын газар төсвөөс өгсөн хэдэн төгрөгөөр гадаад дахь олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд компаниудыг зохион байгуулан оролцож, сурталчилгааны материал хэвлүүлсэн байх. Өнгөрсөн 4-р сард олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо явуулснаас өөр юусан билээ.
Аялал жуулчлалын компаниуд харин энэ зун нэлээд завгүй ажилласан. Тэд төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлсэндээ баяртай байна лээ. Төрөөс ганцхан тээврийн асуудалд анхаарч нэмэлт галт тэрэг гаргаж өгсөн нь чухал байлаа. Өөр хийсэн зүйлгүй байх аа хэмээн аялал жуулчлалын бизнесмэнүүд ярьсан. Одоо тэд жаахан амраад ирэх жилийн захиалга, олон улсын үзэсгэлэнд оролцох ажилдаа шамдан орно гэсэн.
Аялал жуулчлалын салбарынхан эхний 8 сарын дүнгээр 166,9 сая ам.долларыг төсөвт оруулаад байна. Өнгөрсөн оны мөн үед 92,8 сая ам.долларыг л улсад өгч байж. Цаашдаа төрөөс аялал жуулчлалын чиглэлээр тодорхой бодлого явуулснаар улсын төсөвт оруулах хөрөнгө мөнгөний хэмжээ ч нэмэгдэх чигтэй байгаа билээ.
Эвслийн Засгийн газрын яамдын бүтцээр Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн агентлагуудыг нэгтгэн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамыг байгуулсан. Аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийг боловсрол, мэдлэг чадвараар нь шигшин яамны ажилтнаар авч, аялал жуулчлалын салбарт дорвитой бодлого явуулах шаардлага Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эхний хийх ажлуудын нэг байх болов уу.
Дэлхийн аялал жуулчлалын өдөрт
Олон улс орнууд дэлхийн аялал жуулчлалын өдрийг 9-р сарын 27-нд тэмдэглэдэг уламжлалтай. 1979 оны Испанийн Торремолайнс хотноо хуралдсан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1980 оноос эхлэн дэлхийн аялал жуулчлалын өдрийг зохион байгуулан тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Гол зорилго нь аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагаа, харилцаа холбоог өргөжүүлж, аялал жуулчлалаар нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг улс орнууд солилцох арга замыг нэмэгдүүлэх үүрэгтэй.
1997 онд Туркийн Истамбул хотноо хуралдсан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аялал жуулчлалын өдрийг аль нэг улс бие даан зохион байгуулан тэмдэглэх шийдвэрийг гаргажээ. Тухайлбал 1998-2003 онд Мексик, Чили, Герман зэрэг улс тэмдэглэн бол энэ оныхыг Малайз улс зохион байгуулах юм байна. Харин 2001 оноос дэлхийн аялал жуулчлалын өдрийг газарзүйн байрлалаар нь улс орнуудад хуваарилан тухайлбал, 2006 оныг Европ, 2007 оныг Өмнөд Ази, 2008 онд Америк тив тэмдэглэхээр болжээ.
Малайз улс өнгөрсөн өдрүүдэд дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээ Спорт ба аялал жуулчлал нь нийгмийн хөгжил, соёл, харилцан ойлголцлын хоёр чухал хүчин зүйл мөн гэсэн уриан дор болжээ.
Харин манай улс энэ өдрийг тэмдэглэж байсан түүхгүй. Өнөө жил Аялал жуулчлалын газар болон бусад байгууллагаас аялал жуулчлалын их, дээд сургуулиудын оюутнуудад лекц унших, дунд сургуулийн хүүхдүүдэд Түүхийн болон Байгалийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан бүх музейг иргэдэд үнэгүй үйлчлэх асуудлыг тавихад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид зөвшөөрөөгүй байна.
Аялал жуулчлалын салбар дахь хамгийн том, нөлөө бүхий Дэлхийн аялал жуулчлалын байгууллага НҮБ-ын хүрээнд тогтвортой, олон чиглэлээр аялал жуулчлал хөгжүүлэхийг дэмжих үүрэг хүлээсэн юм байна. ДАЖБ-ын үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбараар дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчин, соёлын төвийг хамгаалах, дэлхий нийтийн энх тайван, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэдэг.
Өнгөрсөн оны дүнгээр тус байгууллага эгнээндээ 141 гишүүн улс, долоон бүс нутаг, 350 хувийн хэвшлийнхэн болон боловсролын байгууллага, аялал жуулчлалын холбоо, нийгэмлэгүүдийг багтаажээ.