Шинэ сайд нар ажлаа хүлээж авлаа
Засгийн газрын 9 сайд өчигдөр тамгаа хүлээж авсан бол өнөө өглөөнөөс үлдсэн 4 сайд нь ажилдаа орцгоолоо. Ерөнхий сайд Элбэгдорж өөрийн тэнхмийнхээ шинэ сайд нараа ажилд нь оруулахын тулд тамга хүлээлцэх ёслолын бүгдэд нь оролцож нэг ёсондоо ёслолын арга хэмжээг удирдсан юм. Эхлээд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд нар ажлаа хүлээлцэж, дараа нь Эрүүл мэндийн сайд нар, удаад нь Батлан хамгаалахын сайд нар тамгаа солилцсон юм. Хамгийн сүүлд Yйлдвэр худалдааны сайд нар тамгаа хүлээлцсэнээр хуучин, шинэ Засгийн газар солигдох торгон агшин өндөрлөлөө.
Ц.Элбэгдорж -Ирэх дөрвөн жилд Монгол орны хөгжил дэвшлийг цааш нь тодорхойлох үндэс суурь болсон шинэтгэлийн шинжтэй маш олон асуудлууд шийдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ үйл ажиллагаанд танай салбар та бүхний оюун ухаан, хүч хөдөлмөр асар их шаардлагатай болно.
Батболд -Yйлдвэр худалдааны яамны суурь бол Худалдаа үйлдвэрийн яаман дээр түшиглэсэн ийм яам байгаа. Тийм ч утгаараа миний танил, олон жил хамт ажиллаж байсан, гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байсан нөхдүүд маань энд харагдаж байна. Ингээд та нартайгаа хамтран ажиллах бололцоо гарсанд би бас баяртай байна.
Yйлдвэр худалдааны яам нь байгуулагдаад дөрөвхөн жил болж байгаа учир яамдуудаас хамгийн залуухан яам болж байгаа юм байна. Энэ хугацаанд бүхнийг шинээр зохион байгуулж Монголын үйлдвэр худалдааны хөгжлийн бодлогыг тодорхойлоход халаагаа өгч байгаа хуучин сайд тэргүүтэй хүмүүс хүчин зүтгэснээ тамга солилцох үеэр зориуд тэмдэглэн хэлсэн юм. Ингээд тамгаа хүлээлгэж өгөхдөө Yйлдвэр худалдааны сайд асан Ганзориг хамт олноосоо явж байгаадаа сэтгэл хөдөлж байгаа бололтой хоолой нь зангирч байсан юм.
Харин урьд нь Монголын гадаад харилцааны салбарт дэд сайдын албыг хашиж байсан Батболд сайд үйлдвэр худалдааны бодлогын шинэчлэлийг сонсож мэдэрч байсны хувьд хичээж ажиллана хэмээн амласнаар ёслолын ажиллагаа өндөрлөж шинэ сайд нар ажилдаа орлоо.
/MN-25 телевиз/