Өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд 80 хос гал голомтоо асаана
Эл өдрийг манай ард түмэн сарын сайныг тоолон саатаж, өдрийн сайныг өнжин хүлээсэн хүмүүс гэрэл гэгээтэй эрхэм үйл, ажлаа дээдлэн өнөөдөр хийж бүтээхээр эртнээс товлосноо хэрэгжүүлж эхэлнэ. Амраг хосууд хуримаа хийн гал голомтоо бадрааж төрдөө бүл нэмнэ. Айл, гэрийнхэн алаг үрсийнхээ сэвлэгийг үргээн том хүн болгоно. Өнөөдөр шинэ гэр барина. Шинэ цай даргилна. Шинэ сонин гарна. Шинэ бодол санаа ундарна. Хүмүүс бэлгэ дэмбэрлийг дээдлэн урмын үгээр бие биенээ дулаацуулан буян хураана.
Өнөөдөр манай орны өнцөг булан бүрт олон зуун залуу хос айл гар болох ёслол хуримаа хийж байгаа. Улаанбаатарийн зөвхөн Гэрлэх ёслолын ордонд бүртгүүлээд байгаа хосын тоо 80 гарад байгаа юм. Намрын дунд сарын шинийн 17-ны энэ өдрийг монголчууд балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр хэмээн өдрийн сайныг өнжин хүлээдэг билээ. Энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд олны танил хүмүүсээс Монгол улсын харцага Э.Батбаатар болон УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү гэр бүлээ батлуулах юм байна.
/Өдрийн сонин, 2004, 09.30, 242/