Ногоон хүрэм, хар малгай
Тод өнгийн пальто энэ намрын гангараа
Энэ намрын пальтоны загвар шулуун, богино байх нь. Өнгөний хувьд тод цэнхэр, улаан, хөх, ногоон зонхилох аж. Харин малгай ороолтоо пальтоныхоо өнгөтэй уусгаж, сонгодог байсан бол энэ удаа эсрэгээр байх гэнэ. Жишээлбэл, хар өнгийн пальто, хүрмэн дээр улаан ороолт малгай өмсч, ногоонтой харыг хослуулаарай. Пальтоны материал сүлжээс, нэхээс бүхий ноосон чимэгтэй байвал илүү дэгжин харагдуулна. Савхин хүрмээр дэгжирхэх дуртай хүүхнүүдэд зөвлөхөд босоо захтай, сул загварын богино савхи моодонд ороод байна. Хавар намрын болон өвлийн хүрэмний загвар нэлээд этгээд. Даруухан хувцасладаг нэгэнд нь магадгүй хэтэрхий чамин ч байж болох энгэр ханцуйдаа олон халаас бүхий богино хүрмээр энэ намар, өвөл гангарах аж. Улаан, хөх, хар, цагаан зэрэг тод өнгө давамгайлах нь.
Yслэг эдлэл хэзээ ч моодноос гардаггүй гэнэ. Энэ өвөл шулуун загвартай үслэг шубээс гадна зах, ханцуйгаараа үстэй, богинохон хүрэм моодонд орж байна. Хүүхнүүддээ зөвлөхөд өндөр өсгийтэй гутал, урт хормойтой нэхий, савхин дээлээс татгалзах цаг иржээ. Тийм хувцас таныг наснаас чинь илүү овортой харагдуулна.
Сүлжмэл малгайгаар гоёорой
Том хээтэй, сүлжмэл, нэхээстэй малгай ороолтоор энэ өвөл гангарвал цаг үеэсээ хоцрохгүй. Ялангуяа сул нэхээстэй, цацагтай бол илүү дэгжин. Зарим охид өнгөрсөн жил том далбагар ороолтоор пальтоныхоо мөрийг далдлан ороодог байсан. Хэрэв хижээл насныхан биш л бол ийм гоёлоос аль болох татгалзах хэрэгтэй. Охид урт нарийн ороолт зүүвэл дэгжин гоёмсог харагдана.
Шөвгөр хоншоорт хоцрогдож, дөрвөлжин өсгийт эргэн ирлээ
Гуталны хувьд энэ зун моодонд орж байсан шиг дугуй хоншоор бүхий намхан өсгийтэй загвар ноёлох нь. Урт нарийн шовх хоншоортой гутал аль хэдийнэ жагсаалаас гарч, оронд нь өндөр, нам дөрөвлжин өсгийтүүд бүсгүйчүүдийн хөлийг чимэхээр иржээ. Мөн олон янзын жижиг төмөр, арал бүхий этгээд загварын гутлаар охид бүсгүйчүүд гоёх юм байна.
Өөрийнхөө имижийг тодорхойлуулахыг хүсвэл…
Сүүлийн үеийн загварын сэтгүүл эргүүлж, зохисон зохиогүй элдэв хувцсаар гангарах гэж бүү яар. Ингэхэд та өөртөө ямар хувцас илүү зохидог болохыг мэдэх үү? Ямар өнгийн, ямар загварын хувцас таныг илүү айхан харагдуулдаг болохыг мэдэхийг хүсч байна уу? Шилмэл загвар-ынхан ийм боломжийг танд олгож байна. Тус компаниас имиж тодруулах үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа гэнэ. Тэндээс та өөрийнхөө шинэ дүр төрхийг олж харна шүү.
Буузан цүнх моодонд орлоо
Цүнхийг ямар ч тохиолдолд гуталтайгаа хослуулан барьдаг гэдгийг дэгжин бүсгүйчүүд юу эс андахав. Энэ жилийн цүнхний загвар намар өвөл ялгаагүй, богино оосор, арал тоног бүхий буузан цүнх байх нь. Боронзон өнгийн цүнх эргээд моодонд орж эхэллээ. Өндөр өсгийтэй гутал өмсөөд тоногтой цүнх баривал зохицохгүй. Тийм болохоор гутлынхаа хэлбэрээс хамаараад цүнхээ сонгоорой. Спорт загварын гутал өмссөн бол аль болох энгийн, том цүнх барихыг зөвлөж байна. Цүнхнээс гадна хүүхнүүдийн бас нэгэн гоёл нь яахын аргагүй зүүлт, чимэглэл. Өвөл бага оврын ээмэг зүүлт зүүгээрэй. Цэвэрхэн, жижиг, энгийн байвал зүгээр гэнэ.
Хотын залуусын гангараа
Залуус маань дэгжирхэх дуртай. Харин юугаар гоёж, ямар фирмийн хувцсыг сонгож байна вэ?
Нэг хэсэг манай дэлгүүрийн лангууг хятад бараа л чимдэг байв. Тун ч удалгүй солонгос хувцсаар гоёсон залуус хотын гудамжаар алхах болсон. Харин одоо энэ танил төрх тэгтлээ их харагдахаа больсон юм шиг. Tom tailor, Wrangler, Mark O polo, Mexx, U2. Залуусын сонголт өөрчлөгдөж. Хаа сайгүй явж юм үзэн нүд тайлах болсон тэд маань чанартай, сонголт арвинтай фирмийн хувцас сонирхох болжээ.
Манайд байгаа нь ихэвчлэн Германы фирмүүд. Ханбург хотод төв нь байдаг Tom tailor дэлхийн 77 оронд салбартай бөгөөд 76 дахь нь Монголд гэнэ. Залуус эдний бүс, түрийвчийг байнгын хэрэглээгээ болгожээ. Харин Wrangler-ийн төв Бруссельд байдаг агаад манайхан тухайн жилд моод болж буй шинэхэн загваруудаас нь оруулж ирэн худалддаг. 1997 онд Монголд орж ирсэн Mark O polo бидний хэзээний танил. Тэдний төв Швейдэд байдаг ч германчууд өөрийн болгожээ. Харин H.I.S-ийнхэн жинсээ европчуудад зориулан үйлдвэрлэдэг ч тэдний хувцас Азид тун ч нэр хүндтэй гэнэ.
Их хотын залуусын гангараа иймэрхүү байна. Тэдний хэрэгцээ, гоёж гангарах хүсэл, шинийг мөрөөдөх сэтгэлд эцэс байхгүй.
/Өнөөдөр, 2004, 09.30, 228/