74 хос хаан бугуйвч, хатан сүйхээ солилцов

Өчигдөр олон айл шинэ бэрийнхээ цайг амсч, нялх үрийнхээ даахийг үргээсэн. Энэ өдөр хүн зоноор дүүрэн, хөл хөдөлгөөн, хөөр хөгжөөн тасралгүй өнждөг нь Гэрлэх ёслолын ордон. Тоонот гэрт толгой холбохоор шийдэн аз жаргал, сайн сайхан бүхнээ хуваалцан амьдрахаар 74 хос энэ өргөөнд өчигдөр хуримын ёслолоо хийсэн юм. Хамгийн эхний хос үүрийн 04.30 минутад хуримласан бөгөөд сүүлийн хос 19.30 минутад хаан бугуйвч, хатан сүйхээ солилцлоо.
Залуу хосод сайн сайхныг ерөөсөн Гэрлэх ёслолын ордныхон энэ өдөр хүн бүхэнд үлгэр жишээ үзүүлэх алтан хуримыг ч бас ёслоод амжив. Өндөр настан Н.Баясгалан, Г.Жамбал нар хамтдаа амьдран 50 жилийг үдсэн бөгөөд үр хүүхэд, ач гуч нартайгаа энэхүү баяраа хуваалцан байгаа нь хуримын их өргөөг чимж байлаа. Эл өдөр гадаадын иргэнтэй амьдралаа холбохоор шийдсэн гурван бүсгүй хуримаа хийжээ. Тэд солонгос, польш, герман залууг амьдралын ханиа болгон сонгожээ. Монгол үндэсний хувцсаар ижилсэн гоёсон польш хүргэн, монгол бүсгүй хоёр тун ч содон харагдаж байлаа.
Хэрэгт дуртай олны нүдийг хужирлах алдартнуудын хурим энэ удаад болсонгүй. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү хуримаа хийв. Ширүүхэн төрхтэй сайд маань сэтгэл хангалуун яваа харагдсан. Ийнхүү билэгт сайн өдрийг олон сарын өмнөөс тэсэн ядан хүлээсэн хосууд маань гал голомтоо асааж ижий аавыгаа баярлууллаа. Энэ удаа хуримлаж амжаагүй залуус аравдугаар сарын 7-нд тохиох ерөөлт өдрийг товлон Гэрлэх ёслолын ордонд ёслол үйлдэх захиалгаа аль хэдийнэ өгөөд эхэлжээ.
/Өнөөдөр, 2004, 10.01, 229/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button