Монгол ч дээ… гэж өрөвдүүлэх хэрэгтэй юү?

Тэрээр уржигдар орой шинэхэн баригдсан UB open air хэмээх залгай талбайтай цэнгэлдэхэд эхний өдрийн тоглолтоо хийлээ.
Нэгэн анд минь тэр тоглолтыг үзсэн аж. Хайртай эхнэр нь тэр сэргэлэн охины улаан фэн нь байсан болохоор гадаа хүйтэн, нойтон байсан хэдий ч татгалзах эрх-гүй болсон нь мэдээж. Маргааш нь мань хүн ажил дээр хүрч ирчихээд Жан На Раг үнэхээр хөөрхөн охин болох тухай, бас эхнэртэйгээ хамт хэрхэн хөлдчихсөн амьд мах болчихоогүй, золоор гэртээ харьж чадсан зэргийг сонирхуулж ярьсан юм.
Түүний надад өнгөтөөр шахуу ярьж өгсөн тэр тоглолтын талаархи мэдээллийг Сансар телевизээр үзлээ. Сэргэлэн охины тоглолт хэрхэн сайхан явагдаж байгаа талаархи мэдээ гарч байна. Тоглолтын эхэнд тайзан дээр богино юбкатай нүцгэн шахуу гарч ирж байсан Жан На Ра нь сүүлдээ хөвөнтэй хүрэмээ хөдрөөд дуулж байх нь харагдаад өнгөрсөн. Тэгэхэд нь тэр телевизийн мэдээг уншигч бээр энэ явдлыг …монгол үзэгчид сэргэлэн охиныг дулаан хувцсаа өмсөхийг нь зөвшөөрөв гэж ирээд л бахархалтай нь аргагүй зарлаж байх юм.

Хатуужлаа шалгуулсан В.И.А ГРА
Намрын хүйтэн орой Төв цэнгэлдэх хүрээлэнд барьсан тайзан дээр үзэсгэлэнтэй гурван бүсгүй дуулж бүжиглэж байв. Тайзны эргэн тойронд дулаан хувцаслаж, дээр нь нэмж цэвэр ус ундааны хуванцар саванд хийгээд нуун оруулж ирсэн нөгөө ундаа-гаараа дотроо халаасан залуус, дуулж буй гурван бүсгүйг балиашиглан, даллах заримынх нь барьсан фосфортой гэрлээс илүүтэй улалзан гялалзах тамхиа үе үе ам руугаа явуулах жаахан охид, шуудай барьчихаад энд тэнд унасан хуванцар савыг яаравчлан түүх гудамжны хүүхдүүд бүчиж байлаа. Хамгаалалт хийж байгаа нэрээр орж ирсэн цагдаа, офицерүүд гээд баахан хүмүүс бас тэднээс хоцрохгүй.
Энэ бол хамгийн сүүлд манайд ирж тоглосон гадаадын нэртэй хамтлагийн тоглолтын дүр төрх. Yзэсгэлэнт гурван бүсгүй гэдэг нь орос охидын гурвал В.И.А Гра хамтлаг. Тэдний тоглолтын даашинз нь нэвт гэрэлтсэн торон материал, эсвэл богино юбка. Дагжин чичрээ монгол үзэгчдээ бодоод бүтэн хоёр цаг гаруй хугацаанд нүцгэн шахам дуулж тэсвэр тэвчээрээ шалгасан тэднийг хүндлүүштэй санагдсан.
Энэ зун УИХ-ын сонгуулиас шалтгаалаад гадаадын цөөхөн хамтлаг дуучид уригджээ. Эхнийх нь EAST 17 хэмээх хөвгүүдийн хамтлаг, удаах нь Оросын В.И.А Гра, тэгээд Жан На Ра юм. EAST 17 хамтлаг уриан дулаан зуны улиралд ирсэн. Гэхдээ тэд зургаахан дуу дуулсан нь үзэгчдийг гомдоосныг хэлэх нь зүйтэй болов уу.

Шимэгчид ба хачирхам сонинг үйлдэгчид
Цагдаа нар хамгаалалтад гарах нэрээр хөөрхөн мөнгө шоглочихдог нь хэнд ч ойлгомжтой болжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй тоглолтыг хямд үнээр үзэхийн тулд тэр олон хаалган дээр зогсох цагдаад 1000-4000 төгрөг атгуулах хэрэгтэй юм байна лээ. Тухайн тоглолтын тасалбарын ханшнаас шалтгаалаад атгуулах мөнгөний тоо хэлбэлздэг юм. Баахан туулай оруулчихаад овоо мөнгө цохичихдог цагдаа нарын ачаар зохион байгуулагчид юун ашиг олохтой манатай болчихдог байлгүй. Лав л В.И.А Гра-гийн тоглолтоор найман мянгын билетийн үнэ 4000 төгрөг болтлоо шалдаа бууж, цагдааг хахуульдах мөнгө нь 2000 төгрөгт унаж байсныг санаж байна. Тэр хүйтэнд зогсоод хоолныхоо мөнгийг олж буй хөөрхий цагдааг буруутгаад ч юу хийхэв.
Гадаа ямархуу хүйтэн байгааг та бид, дээрх хоёр тглолтыг зохион байгуулагчид ч сайн мэдэж байгаа. Yгүй бол хамрынхаа үзүүрийг хаалгынахаа завсраар хоёрхон секунд гаргаад шалгачих боломжтой. Гэсэн ч заавал намрын хүйт орж буй өдрүүдэд манайдаа төдийгүй олон оронд нэр алдартай дуучид жүжигчдийг урьж ашиг олох үүднээс гаднах талбайд тоглолтыг зохион байгуулах юм. Гаднаас ирсэн одууд фэнүүдийн өмнө хөвөнтэй өмдтэй гарахыг мэдээж хүсэхгүй, тэдэндээ хөөрхөн царай, сайхан бие галбираа үзүлэхийг л хүсэх учраас хөнгөн нимгэн хувцаслан гарч ирэх нь дамжиггүй шүү дээ. Yүнд л эрхэм урилга өгөгчдийн буруу байгаа юм.
Намрын үдэш хүйтэн байдгийг мэдэхгүй юм шиг аашилж тоглолтоо цагт нь ч эхлүүлдэггүй. Тэгээд л хүйтэн орой дагжин чичирсэн үзэгч, дуучин хоёрыг сая нэг учруулж, нэг нь үзсэн болж, нөгөөдөх нь үзүүлсэн болоод л хоёр тийшээ. Уг нь зохион байгуулагчид эх орныхоо нэрийг гадаадад ямраар гарч буйг бодолцох хэрэгтэй баймаар. Согтуу хөлчүү хүмүүс, уут бариад хог түүж яваа траншейны хүүхдүүд, хоцрогдсон, бохир заваан, гайхуулаад байх юмгүй цэнгэлдэх хүрээлэнгээ од болгон үзүүлээд байх шаардлага байгаа юм уу. Тэр хүйтэнд алдар нэртэй оддыг нүцгэн шалдан дуулуулж, осгоож, уурлуулчихаад Монгол орон ч дээ хөөрхий, ахиж… гэсэн бодлыг төрүүлэн буцаадаг жишиг хэдий болтол үргэлжлэх юм бол.
/Өдрийн сонин, 2004, 10.01, 243/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button