Дэлхийн 3-р дайн дуусч, 4-р дайн эхэллээ

Тэдний номлолоор бол 21-р зуун бүхэлдээ глобал терроризмын зуун байх бололтой. Хамгийн аймшигтай террорист халдлага хүн төрөлхтнийг хүлээж байна.Урьдчилан таамаглахын аргагүй тийм халдлагуудыг цөм, хими, биологийн зэвсгээр үйлдвэх магадлал өндөр байж болох юм.
Мөнөөхөн Бесланд болсон балмад явдал тийм шинэ дайны ноцтой илрэл гэж үзэж байна. Ирак дахь ойлгомжгүй дайн, Афганы талибаныхан Ерөнхийлөгчөө устгахыг завдсан, палестины амиа золиослогчдын тасралтгүй цуваа зэрэг нь үнэхээр дэлхийн хэмжээний мөргөлдөөний эхлэл гэж доктор Игорь Бестужев-Лада үзээд логикийн хувьд терроризмын эдгээр халдлага чангарна, хичнээн няцаалт өгөх тусам улам ихсэнэ гэж дүгнэжээ. 1940-өөд онд эхлээд Хүйтэн дайнтай хамт өндөрлөсөн дэлхийн 3-р
дайн гэдэг нь хохирол эрсдлийнхээ нийлбэрээр өмнөх хоёр дайнаас давсан гэж тэрээр бичжээ. Эдүгээ дэлхийн 4-р дайн гээд байгаа үзэгдэл бол маш өргөн хүрээнд явагдаж, гурав дахь ертөнцийн ажилгүй, үгээгүй тэрбум хүн ардыг Орос, АНУ, Европын эсрэг босгоод байгаа гэнэ. Хэрэв ажилгүйдэл ядууралтай тэмцэхргүй бол Ирак мэтийн тоталитари-харгис улсууд ар араасаа төрөх бөгөөд жишээ нь Аум Шинрикё маягийн балмад явдал хөгжингүй орнууд дотроос төрснийг дэлхийн дайны нэг илрэл гэж үзэхээс аргагүй. Даян дэлхийг хэрэн самнасан мафийн сүлжээтэй энэ бүх үзэгдэл хослоод дэлхийн 4-р дайн 2-р үедээ орсон гэж Игорь Бестужев Лада үзжээ.
Үнэхээр Нью-Йоркийн хос цамхгийг дайрсан явдлыг хэн ч төсөөлөөгүй, дараа нь зориглон тайлбарлах хүн олдоогүй, учир нь дэлхийн шинэ дайн учраас тэр гэнэ.Саяхан Бесланы аллагаар нөгөө дайн нь 3-р үедээ орсон гэж тэр футурлогич дүгнэж байна. Одоо гар хиймийн атомын бөмбөгөөр террористууд дайтах нь үлдлээ. Хэрэв тэгвэл хэдэн зуун мянга, сая хүн өртөх бөгөөд ийм халдлага нь АНУ, Орос, Баруун Европыг бүрэн мангартуулна, энэ бол бодитой магадлал гэж тэрээр сануулж байна. Атомын биш байлаа гэхэд химийн зэвсэг бол энүүхэнд. Зөвхөн том хотуудын метронд хий цацахад л гүйцээ гэнэ.
Эдүгээ олон улсын террористууд бинарын химийн зэвсэг сонирхох болж, зарим эд ангийг нь ч олж авсан гэнэ. 2004 оны хавар Иорданы тусгай албаныхан химийн зэвсгийн гэнэтийн атакийг сэрэмжлэн зайлуулж амжсанаар 80000 хүн хордож үхэх аюулаас аварсан. Сибиримэр нэг тархсан биологийн зэвсгийг 35000 хаягдал булш чеченийхний гарт орвол юу болох вэ? Террорист биоагент хэмээх шинэ мэргэжил бий болж тэдний сүлжээ үүсч, эрэлт нь ч нэмэгдсэн гэнэ. Хотуудын усан хоолойг биологийн зэвсгээр хордуулах хувилбарыг үгүйсгэж огт болохгүй болжээ. Компьютерийн цахим атак байж болно.1998 онд интернэт рүү анхны халдлагаа хийсэн туршлага сургамж хаа хаанаа байгаа.
АНУ-ын сенатч Сэм Нанн ч ийм аюулыг сэрэмжлүүлж санал нэг байна. Энэ бол шинжлэх ухааны уран зөгнөл, адал явдалт киноны алин нь ч биш, яг бодитой байгаа үнэн төрх гэж тэрээр хэлжээ. Үнэндээ чеченүүд 500 рубль хахуульд атгуулаад Оросын шалган нэвтрүүлэхийг зэвсэгтэйгээ давж байгаа тохиолдолд Москвагийн метронд химийн зэвсэг цацах нь энүүхэнд хэмээн барууны эрдэмтэн Томас де Вааль Путинд анхааруулсныг Би-Би-Си эш татжээ. Энэ эрдэмтнийхээр бол чеченүүдийн терроризм Путины байнгын толгойны өвчин гэнэ. Ийм өвчнөөсөө салахын тулд НҮБ, Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын оролцоог няцаахаа боль гэж зөвлөжээ. Үнэндээ Чечень бол терроризмын эсрэг бүх дэлхийн тэмцлийн фронтын шугам болчихоод байна гэж эрдэмтэн Вааль дүгнэсэн нь Бесланы хэрэг явдлаар нотлогдсон гэж Би-Би-Си үзжээ.
2004.09.29, Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button