Нэг орон мөхөж, оронд нь огт өөр орон үүсч байна

Галсан гуай 1940-өөд оны эхээр Монголын Алтайн уул орчимд Тувагийн нүүдэлчин айлын отгон хүү бол төрсөн бөгөөд 1962-1968 оныг хүртэл Лайпцигийн их сургуульд герман хэлийг сурчээ. Энэ цаг үеэс тэрээр герман зохиолч болохоор шийдсэн юм.
-Галсан гуай, Та Монголоос баруунд алдаршсан цөөхөн монгол зохиолчдын нэг. Та уран зохиолын салбарт олсон энэ их амжилтуудын дараа өөр хүн болсон мэт бодогддог уу?
-Миний мэдэрч байгаагаар би амьдрал дундуур маш хурдан аялж байна. Заримдаа би өөрийгөө ургамалтай харьцуулж, байнга ургаж өөрчлөгдөж байгаа юм шиг бодогдох болсон. Гэлээ гээд миний гарал үүсэл бол Алтайн уулс, нүүдлийн соёл иргэншлийн гэдгээрээ хэвээрээ л байх болно. Миний залуу насны тэмүүлэл бол Ази, Монгол, Тувагийн нүүдлийн соёл иргэншлийн шинэ санаа, мэдрэмж Германы утга зохиолд тусгалаа олоосой гэсэн хүсэл юм.
-Гэвч та өөрийнхөө ихэнх номыг герман хэл дээр бичдэг шүү дээ. Та яаж ингэж тува хэл дээр бодож, герман хэлээр ном зохиолоо туурвиж чадаж байна аа? Гэхдээ та зарим нэг номоо монгол хэлээр гаргасан?
-Би дөрвөн номоо монгол хэл дээр гаргасан. Хэрэв би монголын сонин сэтгүүлүүдэд гаргасан бүх өгүүллэг, шүлгүүдээ тооцоолбол насан туршийн минь хөдөлмөр болно. Явсан газар бүртээ би Монгол улсаа өмгөөлж, сайнаар илэрхийлж явдаг. Би үүнийг тод томруун хэлэх ёстой. Яагаад гэвэл олон жилийн өмнөөс монголд миний эсрэг суртал ухуулга явж ирсэн. Заримдаа бараг фашист өнгө аястай байсан. Намайг утсаар, захиагаар айлган сүрдүүлж ч байсан. Сонин хэвлэлд миний эсрэг гүтгэлэгийн материал байнга хэвлэгдэн гарч байдаг. Энэ бүхний гол шалтгаан нь олон улсын утга зохиолын салбарт миний олсон амжилтад атаархах явдал байгаа юм. Би тэр хүмүүстэй харьцуулахад баян хүн. Тэр хүмүүс маш олон одон медаль, хэргэм зэрэгтэй ч одоогийн энэ зах зээлийн нөхцөлд үүгээр юу ч авч болохгүй билээ.
-Сүүлийн үед монголын зохиолчид ямар сэдвээр илүү анхаарч бичиж байгаа вэ?
-Социализмын үед утга зохиол эх оронч хандлагатай байсан бөгөөд энэ нь коммунист үзэл санаанд нийцэж байсан. Харин одоо барууны утга зохиолыг дууриасан бутарч унасан, гутрангуй үзэл, үхэл, хүмүүсийн харанхуй талыг харуулах болж. Зохиолчид шинэ эрхчөлөөг хэтэрхий их ашиглах болсноор утга зохиолд шинэ хандлага гарч ирж байна.
-Хуучнаар ЗХУ болон Монгол улс хоёрын улс төрийн урт хугацааны хамтын ажиллагаа нь утга зохиолд өөрийн гэсэн ул мөр үлдээсэн үү?
-ЗХУ болон манай улс хоёрын улс төрийн хамтын ажиллагаанд харамсмаар асуудлууд олон байсан боловч чухам энэ л үе монголын утга зохиолд оргил үе байсан гэж хэлж болно. ЗХУ-ын утга зохиолын хүчээр бид дэлхийн утга зохиолтой холбогдож чадсан. Энэ ньнад шиг зохиолч хүний хувьд ЗХУ-аас манай улсад үзүүлсэн жигшүүр талаас илүү давж гарна гэж бодож байна. Танд сонин сонсогдож магадгүй, бид ЗХУ-ын утга зохиолын хөгжлийн хүчээр дэлхийд гарах цонх-той болж, сонгодог болон орчин үеийн дэлхийн утга зохиолтой танилцсан шүү дээ.
-Гэвч энэ нь соёл боловсролын салбарт бүхэлд нь хамаарахгүй биз дээ?
-Тэр үед ЗХУ-ын асрамжинд байсан бүх орнууд барууны соёл, боловсролоос хаалттай байсан юм.
-Тэгвэл коммунист дэглэм нурсны дараа соёл боловсролын салбарт гүйцэх хөгжих үйл явц эхэлсэн үү?
-Бидний энэ нэрлээд байгаа ардчилсан гэх жилүүдэд манай соёл боловсрол болон уламжлал маань итгэмэргүй ихээр устаж сүйдсэн юм. Барууны үзлийг хамгаалагч нар монгол гэсэн бүхнийг устгаж, Монголыг барууны хэм хэмжээнд аваачиж гэж оролдож байна. Ид шидтэй үг бол глобалчлал. Би глобалчлалын эсрэг биш л дээ. Хэрэв үнэхээр энэ үйл явц нь хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирч байгаа бол маш чухал зүйл. Гэхдээ монголчууд бид энэ глобалчлах үйл явцад зарим зүйлийг нэмж болох юм.
Одоо үеийн глобалчлалыг хамгаалагч болох АНУ энэ үйл явцын дор дэлхийг америк маягийн болгохыг оролдож байна. Харин ийм глобалчлах үйл явцыг би эрс эсэргүүцнэ. Одоо олон монгол хүмүүс монгол уламжлалтай холбоотой зүйлсийг мартахыг хүсэж байна. Германуудтай адил, монголчууд ч гэсэн өгүүлбэртээ 1-2 англи үг хэрэглэхийг дэлхий дахины боловсрол гэж ойлгох болж. Урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр монгол хэл гажуудсан. Хэрэв та өнөөдөр Улаанбаатар хотоор явбал нэг бол англи, үгүй бол кирилл үсгээр бичсэн хаягуудыг харах болно. Хуучин монгол сургуулиудад бичиг хагас зуун жил заагдаагүй учир хүмүүсийн 90% энэ бичгийг уншиж чадахгүй. Иймээс монголчууд бид өөрийнхөө оронд бичиг үсэггүй болж хувирсан.
-Монголчуудад барууныханд байдаг шиг түүхийн ухамсар гэж байдаг уу?
-Түүхийн ухамсар нь нүүдэлчин улсуудад маш гүнзгий үндэстэ йбайдаг. Энэ ухамсрын хүчинд л бид одоог хүртэл оршин тогтнож чадсан юм. Хэдийгээр 1990 оноос хойш бид янз бүрийн дарамтгүйгээр түүхийг ухамсарлах хандлагатай болсон боловч бид түүхийг яаж ухамсарлаж байна вэ?
Гэнэт л том, хүчтэй, ариун Чингис хаанаар бахархдаг болсон. Монголчуудын 70% нь энэ хүнээс гаралтай байхыг хүсдэг. Өнгөрсөн үеийг өөрчилж засварлаж байна. Ингэснээр Чингис хаан гэнэт энх тайвныг дэмжигч болж хувирсан. Хэн ч түүний явуулсан дайн, байлдаан, үүнд амь үрэгдсэн олон сая хүнийг дурсдаггүй. Энэ бүгд нь Монголд фашизм газар авч байгаагийн нэг илрэл юм. Гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэлгазар авсныг Засгийн газар мэддэггүй ч гэлээ энэ бүхэн нь бодит амьдрал дээр оршин тогтнож байгаа. Энэ монгол фашизм нь дэлхий нийтийг айлгахгүй ч гэлээ Орос, Хятадын эсрэг чиглэсэн хандлага ирээдүйд бий болж магадгүй юм.
-Та Монголд удаан хугацааны ардчилсан бүтэц тогтоно гэж итгэж байна уу?
-Ардчилал бол сайхан сонсогдож байна. Гэвч энэ бол машин, компьютер гэдэг шиг барууны бүтээгдэхүүн. Би одоо ардчилсан дорно байгуулах ямар ч арга замыг харахгүй байна. Миний бодлоор Дорно, Өрнийн соёлын ялгаа хэтэрхий их. Монголын нийгэм бол хүний насанд их ач холбогдол өгдөг овгийн нийгэм. Ухаантай нь биш, шударга нь биш, харин өндөр настай нь илүү нөлөөтэй байдаг уламжлалт суурь бүтэцтэй. Энэ нь барууны ардчилсан үзэлтэй нийцэхгүй байна. Насыг хүндэлдэг явдал ганцхан нүүдлийн иргэншилд л бололцоотой.
Гэвч энэ талаар өөрчлөгдөх үйл явц ажиглагдаж байгаа. Хотын настай буурал олон хүмүүс 1930-аад оны коммунизмын үед залуу байсан бөгөөд тэдний юу хийснийг бид мэднэ. Тэд олон жилийн туршид ард түмнийг мөрдөн мөшгиж, харин 1990 онд ард түмнийг дээрэмдэж, авч болох бүхий л зүйлсээ авч чадсан. Энэ настай хүмүүсийг үл тоомсорлох хэрэгтэй.
-Одоогийн залуу улс төрчдөөс ул орноо ардчилсан орон болгох нөөц бололцоотой хүн байхгүй гэж та үзэж байна уу?
-Одоо хүртэл би тийм улс төрчтэй тааралдаагүй байна. Коммунист дэглэмнурж унасны дараа барууны үгийн сангаас хоёр үгийг л авсан. Энэ нь ардчилал ба эрх чөлөө. Ардчилалд бас эмх замбараатай байдал хамаарна. Хуучин коммунист эмх замбараатай байдал алга болсон боловч барууны ардчилал, эрх чөлөө нь өөрийн эмх замбараатай байдалтайгаа уялдан гарч ирж чадсангүй. Засгийн газрын дорой байдлаас болоод шинэ эмх замбараатай байдал тогтож чадсангүй. Энэ эмх замбараагүй байдлаас болоод хүмүүс итгэл үнэмшлээ алдаж, коммунист дэглэмийг диваажин шиг үзэж, ардчилал болон эрх чөлөө гэсэн ойлголтуудыг сонсохыг ч хүсэхгүй болж. Монгол улс маш том өөрчлөлтөнд орж, улс маань устаж хажуугаар нь шал өөр улс төрж байна.
-Та маш гутрангуй зүйл ярьж байна. Та улс орныхоо ирээдүйн талаар их санаа зовж байна уу?
-Сул дорой, өвчтэй устаж байгаа Монгол улс аймшигтай, жолоогүй хүмүүсийн мөнгөний хойноос улайрах үйлдлийн үр дүнд ийм байдалд орлоо. Үүнд хятадууд, эсвэл америкчууд ямар ч хамаагүй, тэд хариуцлага хүлээх ёсгүй. Зөвхөн өөрсдийгөө эх оронч гээд байгаа хүмүүсийн өөрсдийн эрх ашгийн төлөө хулгай хийж байгаа байдлаас манай улс ийм байдалд орсон юм. Байгалийн эд баялгийг маш ихээр олборлох нь монголын ард түмэнд юу ч өгөхгүй. Зөвхөн хэсэг хүн л баян болно. Саятнуудад бүх бололцоо нээлттэй болж, тэд улсын мөнгө санхүүг хариуцсан хүмүүстэй худалдаа хийхэд хялбар болж, авилгалд бүх хаалга нээлттэй байна. Хүн бүхэн баяжихын тулд өөрийн улс болон соёлоос хулгай хийж байна. Миний бодлоор монголын үндэсний баялаг одоогийнх шиг аюулд тулгарч байсангүй.
-Таныхаар монголын нүүдэлчин ард түмэнд ямар ч ирээдүй байхгүй гэж үү?
-Бид одоогийн ертөнцөд байр суурь байхгүй байна. Миний ард түмэн болох тувагийн нүүдэлчин ард түмэн нэгэн үеийн дотор түүхээс арчигдах болно. Энэ нь миний хувьд маш гунигтай боловч бодит үнэн юм. Монголын бүх нүүдэлчин ард түмэн энэ түүхээс салах ёс гүйцэтгэнэ. Эцэст нь энэ дэлхийн бүх жижиг улсууд том хүчтэй гүрнүүдэд сорогдоно. Одоо явагдаж байгаа банк, үйлдвэр, даатгалын компаниудын үндэстэн дамнасан нэгдэл нь жижг улсуудын ирээдүйн хувь заяанд нөлөөлж, улмаар нэг талын соёлтой болгоно. Магадгүй америк-хятад-оросын холимог болж дэлхийн янз бүрийн дуу хоолойны илэрхийлэл болсон ялгаанууд үгүй болж, дэлхий гэсэн шинж устаж үгүй болно.
2004.09.25, Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button