Монголчууд Иракт буюу Монголын ардчиллын экзотик үе өнгөрөв

Нэгэнтээ л польш цэргүүд алагдаж буй бол монголчуудыг тйорно гэж үү? Ямар эз нь хатгаад тийш хуйлрана вэ?
Үүнд ганц л хариулт байна. Нэгэнтээ л эрх мэдлийг /хүч, мөнгө/ атгаж төрөөгүй бол даян дэлхий дээр жижиг буурай улс үндэстнүүд биеэ үнэлэх хэлбэрээр амиа аргацаах хуультай юм. Монгол улс коммунист, татолитари дэглэмээс иргэний нийгэм бүхий ардчилсан улс болж 14 жилийг ардаа үдэхдээ, лав эхний 10-аад жилд нь ардчиллын экзотик чамирхлаараа дэлхийд биеэ үнэлсэн. Татан дуудах гол хэмжүүр нь ардчилал нь байв. Учир нь очиж очиж монголчууд тэр ардчилал гээчийг Азидаа, посткоммунист ертөнцдөө хамгийн ухаалгаар авч хэрэглэсэн гэж байв. Дэлхийн хамгийн зожиг бөглүүд, тэгээд бүр Москвад 70 жил биеэ үнэлж, коммунизмын замаар 70 жил замнасных нь хувьд жинхэнэ экзотик үе нь тэр байлаа.
Аливаа түүхэн үзэгдэл цаг хугацааны хуультай байдаг хойно 21-р зуун гармагц нөгөө ардчилал гэгч нь үнэлэгдэхээ больж, өөр хэлбэрээр өөрийгөө үнэлүүлэхийг хөгжлийн хууль биднээс шаардав. Ялангуяа 2000 оны УИХ-ын сонгуулиар коммунистууд үнэмлэхүй ялсныг өөлөн авч эргэж тооцоо бодох ухааны юм болов. Юуны өмнө өгсөн тусалсан тооцооны нэхэл тун хатуу тусч мэдэхээр байна. Зээл тусламжийн асуудлаар Токиод болдог элдэв семинар уулзалт дээр нэгэн япон хүн Монголыг хамгийн муу муухайгийн жишээ болгож, тусламжийг үргүй зарцуулсан Африкийн хэсэг гуйлгачин улстай зэрэгцүүлэн ярьж байна. Төр засгийн ба олон улсын санкцгүйгээр ингэж ярих уу даа?
Яг ийм ацан шалааны дунд олон улсын терроризм гэгч гарч иржээ. Олзуурхмаар гэх нь арай бэлгэ дэмбэрэлгүй, гэвч ашиглахаас өөр замгүй. Нэгэнтээ л биеэ шинээр үнэлэх гэж байгаа бол. Ардчилсан улсын хувьд дэлхий дахины тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэдгээ зарлаж, Иракийн өмнөх дэглэм нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн удаа дараагийн тогтоол шийдвэрийг бүрэн гүйцэд биелүүлэгүй, үй олноор хөнөөх зэвсэггүй гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө нотолж чадаагүй гэдэг сэдвээр монголчуудын тархийг 2 жил угаасны эцэст цэргээ илгээх шийдвэрт хүрлээ.
Ерөөсөө Иракийн эсрэг олон улсын эвслийн зорилго нь ИРакийн үй олноор хөнөөх зэвсгийг илрүүлэн устгах, тус улсад ардчилсан нийгэм тогтоон хөгжүүлэх зорилготой байгуулагдсан учраас бидэнд олз болов. Уг эвсэлд нэгдэх нь Монгол улсын үндэсний эрх ашиг, гадаад бодлогын үндсэн зарчимд нийцсэн уялдаа холбоотой болж таарав. Энэ эвсэл нь дээр үеийн Монгол-Зөвлөлтийн цэргийн эвсэл шиг тодорхой үүрэг бүхий цэргийн эвсэл бус, гагцхүү Иракийг үй олноор хөнөөх зэвсгээс ангижруулах цорын ганц зорилготой, улс төрийн шинж чанартай эвсэл байлаа. Гэвч энэ зорилгоосоо аль хэдийнэ хэлбийсэн, эсвэл иракчууд хэлбийлгэсэн.
Монголын ардчиллын экзотик дээр хамгийн хүчтэй тоглосон нь АНУ юм. АНУ нь Иракийн зэвсгийн нэн даруй хураах эвсэл байгуулахдаа 2003.03.18-нд манай талд албан ёсоор мэдэгдэж, уг эвсэлд нэгдэж байгаа гишүүн орнуудыг маргааш нь 10.00 цагт зарлахаа мэдэгдэж, манийг уг эвсэлдээ нэгдэх эсэхээ шийдвэрлэж хариу өгөхийг хүсчээ. Манайханд өөрсдийгөө үнэлүүлэх шинэ боломж ийнхүү олдож, бид овжноор ашигласан түүх ингэж эхэлжээ.
Монгол улсын зэвсэгт хүчин байлдааны ажиллагаанд шууд оролцох бус харин байлдааны ажиллагаанаас үүсч гарах зарим шаардлага, хэрэгцээг хангах зорилго бүхий бие бүрэлдэхүүнийг огцруулсан тэр түүхийг энд давтахгүй. Монгол цэргийн 2 баг, барилгын 1 салаа Иракт үүргээ амжилттай гүйцэтгэж, цэргийн 3 дахь баг 2004.07.21-нээс үүрэг гүйцэтгэж, үүнтэй давхцан АНУ-ын Ерөнхийлөгчийн зарласан Мянганы сорилын данс-наас хувь хүртэх гавьяатан болжээ.
Дараахи хүснэгтээс АНУ-ын Ирак дахь холбоотнуудын ерөнхий дүр зураг харагдаж байна.
Британи, Итали, Нидерланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг хэдхэн улсыг эс тооцоод үлдэх нь бүгд АНУ-д өөрсдийгөө үнэлүүлж буй, өөрөөр хэлбэл ардчилал шилжилтийн экзотик үеэ дуусгасан, ингэж хүчин зүтгэхгүйгээр өөр боломжгүй болсон улсууд байгаа нь ойлгомжтой.
Их Британи 7500
Итали 3120
Польш 2400
Украин 1650
Румын 1400
Өмнөд Солонгос 600
Япон 600
Дани 520
Болгар 485
Тайланд 450
Сальвадор 380
Унгар 300
Австрали 250
Гүрж 159
Норвег 155
Азербайжан 150
Монгол улс 140
Латви 122
БНЧех 113
Португал 110
Литва 105
Словак 105
Албани 71
Шинэ Зеланд 60
Тонга 45
Филиппин 43
Эстони 40
Сингапур 33
Казахстан 29
Македони 28
Молдава 12
Нийт 21,975
2004.09.25, Инфо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button