Эвслийн дэд сайд, агентлагийн дарга нар тодорч эхлэв

Зөвшилцөөний дагуу тухайн яамны сайд нь МАХН-ынх бол дэд сайд нь эвслээс сайд эвслийнх нь дэд сайд МАХН-аас гэсэн зарчмыг баримталж байгаа тул Гадаад хэрэг, Түлш эрчим хүч, Хуль зүй, дотоод хэрэг, Байгаль орчин, Эрүүл мэнд, Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдааны дэд сайдад нэр дэвшүүлэх эх эвсэлд ногдож байна.Гадаад хэргийн дэд сайдаар өмнө нь Англид элчин сайдаа сууж байсан, Ардчилсан намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга ц.Сүхбаатарын нэрийг дэвшүүлэхээр болжээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Баянгол дүүргийн Засаг дарга асан С.Эрдэнийн нэр яв байна. Ц.Нямдорж сайдад хяналт тавьж чадах хүн нь С.Эрдэнэ гэж намын нөхөд нь үзэв бололтой. МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Энхтүвшинг Түлш, эрчим хүчний дэд сайд болгох тал дээ ерөнхийдөө санал нэгдэж байгаа сурагтай. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга асан З.Мэндсайхан Т.Ганди сайдын дэд байх магадлалтай бол Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан Үйлдвэр, худалдааны дэд сайдад нэр дэвших боломжтой гэнэ. Эх орон-МАШСН-д Батлан хамгаалах, Мэргэжлийн хяналт гээд Засгийн газрын хоёр гишүүний суудал өгсөн тул дэд сайдын суудлаас өгөхгүй гэсэн тохироонд дотроо хүрч ИЗ-БНН-д хоёрын зэрэг дэд сайд хуваарилахаар болжээ.
ИЗ-БНН-ын ерөнхий нарийн бичгийндарга, УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуягийг Байгаль орчны дэд сайдад нэр дэвшүүлж тус намын нарийн бичгийн дарга Г.Алтан-Очийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болгох хувилбар яригдаж байгаа юм байна.
Төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргад Ерөнхий сайдын зөвлөх Да.Ганболд, Мэдээлэл технологийн газрын даргад Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Сайханбилэг, одоо Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Баабар нарын нэр дуулдаж байгаа.
Төрийн өмчийн хорооны даргад УИХ дахь эвслийн бүлгийн ажлын албаны дарга Ё.Гэрэлчулуун, Ерэнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй Д.Дорлигжав, М.Энхсайханы тойрогт бие даан нэрээ дэвшүүлээд нэрээ татсан Д.Дэлгэрдалай нарын нэр хэлэлцэгдэж байгаа аж.
Гаалийн ерөнхий газрыг хуучин тус газрын дарга байсан Т.Лхагва удирдаж магадгүй. Түүнээс гадна Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Оюунбаатарын нэр ч нэлээд хүчтэй яригдаж байгаа юм байна. Дэд даргад нь Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед дэд дарга нь байсан Ш.Цогтын нэр яригдаж буй бололтой. Ш.Цогтыг МАХН төр барьж байх үед хууль бусаа халсан нь батлагдсан тул шүүхээс ажилд нь эргүүлж тавих шийдвэр гарч байсан юм. Тэрбээр буцаж ажилдаа орсон ч шоовдор хүүхэд шиг гадуурхагдсаар гарсан билээ.Ш.Цогт одоо шүүхийн шийдвэрийнхээ дагуу ажилдаа орно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Үндэсний татварын ерөнхий газрын даргаар Ё.Гэрэлчулуун, өмнө нь тус газрыг толгойлж байсан Ж.Баасандаш нарын аль нэг нь сонгогдох бололтой. Мөн биеийн тамир спортын улсын хорооны дэд даргаа ажиллаж буй Д.Жаргалсайхан нэг шат ахиж уг газрыг толгойлж магадгүй.
Нэрт нийтлэлч Б.Цэнддоо аль нэг агентлагийг толгойлох нь тодорхой болоод байгаа бөгөөд өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, Хууль зүйн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаа ажиллаж байсан Ш.Сүхбаатар Хууль зүй, дотоод хэргийн яамны нэлээд чухал агентлагийн даргаар томилогдох болжээ. Үүнээс гадна Эх орон-МАШСН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар, ардчиллын 13-ын нэг Дарь.Сүхбаатар нар агентлагийн дарга болохоор сойгдоод байгаа гэнэ.
МАХН-ын хувьд дэд сайдад нэр дэвшигчдээ ирэх долоо хоногийн эх хүртэл ил гаргахгүй хэмээн хатуу тохирчээ. Дараагийн долоо хоногийн лхагва гаригт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаа дэд сайд нарыг батлах бололтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button