УИХ-ын сонгуулийн тоосонд даруулсан орон нутгийн сонгууль ойртлоо
Иргэн Намхай орон нутгийн сонгуулийн талаар ямар бодолтой байна вэ
-Би Өвөрхангай аймгаас ирсэн. Манай аймгийнхан орон нутгийн сонгуульд чих тавьж байгаа. Гэхдээ сонгууль тийм ч өргөн хүрээтэй болдоггүй, нам жим болж өнгөрдөг. Ер нь хэн сонгогдох нь бидэнд нэг их хамааралтай биш. Яагаад гэвэл сонгуулийн өмнө ч, хойно ч хөдөөд төрийн байгууллагууд хүнд суртал гаргадаг хэвээрээ л байна шүү дээ… хэмээн ярьж байна.
Энэ мэтчилэн иргэний нийгмийн түшиг болсон орон нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанарыг ойлгоогүй, төвлөрсөн удирдлагыг шүтэж, төрийн гар хардаг хуучин сэтгэлгээ хүмүүсийн дунд ноёрхсон хэвээр… Гэхдээ үүнд иргэд буруугүй ээ.
Учир нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд ороннутгийн засаг захиргаа бодит нөлөө үзүүлж чаддаггүй нь хөөрхийлөлтэй. Ер нь ингэхэд тэд яах гэж сонгогддог байн аа. Яах гэж?…
Уг нь тэд иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэх учиртай юмсан. Бас дээр нь орон нутгийн хурал, иргэдийн байгууллага ард иргэдийн эрэлт хэрэгцээг дээш хүргэх чадвартай байх ёстой. Ийм ч учраас нутгийн өөрөө удирдах байгууллага буюу бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг иргэд шууд сонгон байгуулдаг журамтай.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/. Нэр нь хүртэл танд залхуутай сонсогдож магадгүй. Гэв чтэрхүү нэгэн хэвийн, хуучинсаг сэтгэлгээг халах цаг хэдийнэ ирсэн ч өөрчлөлт явагдсангүй. Уг нь ИТХ бол олон ургальч үзэл хэрэгждэг, санаа бодлоо бүтээлчээр уралдуулдаг, захиргааны хэлбэрээс ангижирсан, асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэх тийм л талбар байх учиртай.
Уг нь тухайн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжид оршин суугаа хүмүүс өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, зөвхөн өөрийн орон нутагт хамааралтай асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий төлөөллийн институтыг бүрдүүлэх эрх зүйн орчин манайд бий.
Түүнчлэн орон нутгийн сонгууль нь иргэдэд ардчилсан улс төрийн соёл, ардчилсан үнэт зүйлс төлөвшихөд нөлөөлөх нэг чухал суваг болдог… гэх мэтчилэн өч төчнөөн өөдрөг, сайхан зүйл бичиж болж байна. Гэвч манайд энэ бүхэн хэрэгжих нь байтугай, харин ч эсрэгээр бүр урсгал сөрж явна гээч…
Эрхэм гишүүний суудал ханхайж байна
Сүүлийн үед нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, бэрхшээлийн тухай дээр, доргүй ярьж, бичиж байна. Ямар сайндаа л үгүй ээ, энэ чинь төрийн сонгууль уу, төрлийн сонгууль уу гэж хэн хүнгүй дуу алдах вэ дээ. Тэр дундаа яг энэ сэдвээр эрдэмтэн судлаач, нутгийн удирдлагыг гардан хэрэгжүүлж айгаа ажилтнууд санал, шүүмжлэл гаргаж дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх боллоо.
Тухайлбал саяхан Улс төрийн боловсролын академ ТББ УТБА/ эрхэм гишүүдийн дунд Орон нутгийн сонгуулийн хуулийн үзэл баримтлал сэдвээр нээлттэй ярилцлага зохион байгуулсан. Уулзалтад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С.Ламбаа нар халз мэтгэлцэх байсан ч ноён С.Батболд хүрэлцэн ирсэнгүй.
С.Ламбаа гишүүн сэтгүүлч, судлаач нартай дээрх сэдвээр санал бодлоо солилцсон ч гэсэн эрхэм гишүүн С.Батболдын суудал ханхайж, халуун мэтгэлцээн өрнөөгүйд үнэхээр харамсахын сацуу асуудалд хэрхэн тоомжиргүй хандаж байгааг харуулав.
Өнөөдөр ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлэхэд орон нутгийнхан чухал үүрэгтэй юм. Иймээс орон нутагт ард түмний засаглалыг төлөвшүүлэх зайлшгүй хэрэгтэй болжээ. Үүнийг орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх нь тодорхой болов.
Сонгууль нэг
Иргэний нийгмийн төлөвшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй ороннутгийн сонгууль нь 1992, 1996, 2000 онуудад гурван удаа, гурван өөр хувилбараар, бие биеэсэ ялгагдах нийгэм, улс төрийн хүчнүүдийн харьцааны нөхцөлд явагджээ.
Жишээ нь 1992 оны орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг шууд бус сонгуулийн зарчмаар байгуулсан. Үүнд эхлээд баг, хорооны Иргэдийн нийтийн хурал сум, дүүргийн хурлын төлөөлөгчийг, сум, дүүргийн хурал хуралдаанаараа аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчдийг тус тус нууцаар сонгож бүрдүүлсэн байна.
Сонгууль хоёр
Нутгийн өөрөө удирдах байгууллага болох ИТХ-ыг сонгох хоёрдахь удаагийн сонгууль 1996 онд явагдсан бөгөөд энэ удаагийн сонгууль нь хэд хэдэн онцлогтой болсон гэж үздэг.
УИХ-ыг сонгох 1996 оны сонгуулийг мажоритар буюу олонхийн саналаар сонгох хувилбарар явуулсан бол орон нутгийн сонгуулийг холимог хувилбараар явуулахаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, нэг сонгогч саналын хоёр хуудас авч, нэг дээр нам, эвслийн төлөө, нөгөө дэр нь нэр дэвшигчийн төлөө саналаа өгчээ. Тухайн сум, дүүрэг, баг, хороонд сонгогчдын хамгийн олон санал авсан нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчийг сум, дүүрэг, баг, хороог төлөөлөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, харин нийт сонгогчдын 5-аас дээш хувийн санал авсан нам, эвсэлд авсан саналтай нь хувь тэнцүүлэн суудал хуваарилжээ. Энэ нь сонгогчдын саналын харьцаанд тулгуурласан улс төрийн хүчний бодит төлөөлөл орон нутгийн хуралд бүрдэнэ гэсэн үндэслэлээс үүдэлтэй байсан гэж судлаачид дүгнэж байна.
1996оны орон нутгийн сонгуулийн дүнгээр МАХН 51,0%, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл 42,5%, МАСН-0,3%, МУНН-0,8%, МҮЭНН-0,2%-ийн санал тус тус авчээ.
Манай орны 2244409 хүн амаас сонгуулийн насны 1212069 хүн санал өгөх нэрсийн жагсаалтанд бичигдсэн нь нийт сонгогчдын 72,0 хувь нь сонгуульд оролцсон гэсэн үг. 1996 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 92,15 буюу 1057182 сонгогч оролцож байсантай харьцуулахад сонгогчдын оролцоо даруй 30 хувиар буурсан нь сонгогчдын идэвх сул, оролцоо тааруу байсан нь харагдаж байна.
Сонгууль гурав
2000 оны орон нутгийн сонгуулийг цэвэр мажоритар системээр явуулах болсон нь хуульд оруулсан хамгийн том өөрчлөлт байсан бөгөөд иргэдэд намыг биш хүнийг сонгох боломж олгоход энэ систем тустай гэж хууль санаачлагчид үзжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааг 30 хоног явуулдаг байсныг 21 хоногт явуулах, ИТХ-ын төлөөлөгч нь тухайн газар нутагт байнга оршин суугч байх бөгөөд нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааныхаа явцад сонгогчдыг татах зорилгоор тэдэнд төлбөртэй болон үнэ төлбөргүй бараа тараах, шагнал, урамшуулал, тусламж олгох, урлаг, спорт, ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэрэг сонгуульд үл хамаарах ажил үйлчилгээ явуулахыг хуулиар хориглосон.
Гэсэн хэдий ч сонгуулийн хуулийг боловсронгуй болгох талаар байнга анхаарал тавихыг бодит нөхцөл байдал шаардаж байна. Сонгуулийн хуулинд яаруу сандруу өөрчлөлт оруулснаас сонгуулийн зохион байгуулалт тааруу, орон нутагт мэдээлэл хоцорч хүрдэг тул сонгогчдын бэлтгэл муу, чухам ямар баримтаар саналаа өгөхөө ч мэдэхгүй байх нь наад захын асуудал болжээ.
Энэ мэтчилэн бусад олон асуудлыг хэрхэн шийдэхээс орон нутагт ардчиллыг баталгаажуулах асуудал болон ард түмний засаглалыг орон нутагт хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа ямар түвшинд байх вэ гэдэг нь хамаарна.
Энэ мэтчилэн нэлээд хугацааны туршид орон нутгийн сонгууль нь хоёр дугаар зэргийн үйл явдал шинжтэй, УИХ-ын сонгуулийн тоосонд даруулсан маягтай явагдаж ирлээ.
2004.09.25, Инфо