М.Энхсайхан, Э.Бат-Yүл нар тулгаж, Ц.Элбэгдорж учирлаж байна

Албан тушаалын бялуунаас үлдсэн хамгийн амттай, хаялагатай байж мэдэх суудал бол дэд сайдынх. МАХН-ынхан дэд сайдуудаа хэл ам багатай тодруулж бйгаа гэсэн. Харин Эвслийнхэн дотроо үзэж тарж буй сурагтай. Ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад нэр дэвшигчдийг тодруулах гэж фракцууд чухамдаа л дайн зарлаад байгаа юм байх. Ерөнхий сайд өөрт олгогдсон эрхийнхээ дагуу Ж.Амарсанааг дэд сайдаар томилуулах саналтай байсан ч М.Энхсайхан, Э.Бат-Yүл нарын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан аж. Тэд З.Мөнхбатыг томил гэдэг шаардлага тавьсан юм гэсэн. Харин Ц.Элбэгдорж тэдэнд учирлаж, арай зөөлөн хувилбар хүсэхэд С.Эрдэнийг гэж. Ерөнхий сайд дахиад аядуухан хүн санал болгохыг хүсэхэд тэгвэл үүнээс өөр хувилбар бидэнд байхгүй хэмээн гэдийцгээсэн бололтой.
Ж.Амарсанаа нэгэн үе Хууль зүйн сайдын албыг хашиж явсан манай нэртэй хуульчдын нэг юм. Харин түүнийг Ц.Нямдоржтой нутаг нэг учраас сайдын нөлөөнд орж мэднэ гэж Эвслийн зарим лидер болгоомжилж байгаа гэдгийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Хуулиар бол дэд сайдуудыг Ерөнхий сайд шууд томилох бүрэн эрхтэй ч өнөөгийн нөхцөл байдалд зөвшилцлийг хуулиас дээгүүрт авч үзэх ёстой болж байх шиг байна.
/Өнөөдөр, 2004, 10.04, 231/