Хэрвээ та үр хөндөлтийн талаар мэдлэгтэй болохыг хүсвэл
Энэ удаагийн ярилцлагын сэдэв YР ХӨНДӨЛТ
Энэхүү интернэт ярилцлага нь нийгэм, хүн ам, эрүүл мэндийн сэдвээр бичдэг сэтгүүлч, сурвалжлагчдыг мэргэжлийн эх сурвалж, холбогдох хүмүүстэй интернэтээр уулзуулж мэдээлэл цуглуулах, ярилцлага авах боломж олгох, бодит эх сурвалжаас зөв мэдээлэл өгөх зорилготой юм. Ярилцлагад Эрүүл мэндийн яам, ЭТУГ, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Yндэсний Төв зэрэг байгууллагаас оролцоно.
Огноо 2004 оны 10-р сарын 7-ны 11.00-13.00 цагийн хооронд olloo.mn сайтаар явагдах бөгөөд сонирхсон хүмүүс Мэдээлэл Технологийн Yндэсний Паркийн I serүise интернэт кофед хүрэлцэн ирнэ үү.
Мөн урьдчилсан асуултуудаа [email protected] хаягаар явуулж болно.
Ингээд та бүхэнд тухайн сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэе.
Сүүлийн жилүүдэд үр хөндөлтийн бодлогыг хүн амын өсөлтийг хянаж байх (Хятадад), хүн амын өсөлт буурсан байдлыг түр зогсоохоор (Румынд Чаушескугийн коммунист дэглэмийн үед) хэрэглэж байв. Мөн үр хөндөлтийг бусад зорилгоор, тухайлбал, Азийн орнуудад охин хүүхэд төрүүлэхгүй байх үүднээс хэрэглэх болсон нь анхаарал татах асуудал юм.
Дэлхийд жил бүр 46 сая эмэгтэй өөрийн хүсэлтээр үр хөндүүлдэг. Одоогийн дэлхийн үр хөндөлтийн жилийн түвшин нь 15-44 насны 1000 эмэгтэйд 35 тохиолдол байгаа ба эмэгтэйн хүүхэд төрүүлэх боломжтой 30 жилийн туршид ойролцоогоор 1000 эмэгтэйд 1050 үр хөндөлт оногдох болно. Энэ нь нэг эмэгтэй амьдралдаа дунджаар нэг үр хөндөлт хийлгэнэ гэсэн үг.
Жил бүр жирэмслэлттэй холбоотойгоор 600 000 мянган эмэгтэй амь насаа алддагийн 1/8 нь үр хөндөлтийн хүндрэлийн шалтгаантай байдаг байна.
Хүн ам ба Хөгжил Олон улсын бага хурал дээр улс орнууд Үйл ажиллагааны хөтөлбөрийн 8.25-р хэсгийн үр хөндөлтийн талаар хамтын байр суурийг хүлээн зөвшөөрсөн юм. 8.25. Үр хөндөлт нь хэрхэвч гэр бүл төлөвлөтийн арга хэлбэр байх есгүй.Үр хөндөлтийн хууль тогтоомж болон бодлогоо эрүүл мэнд, сайн сайхны төлөө тавьсан зорилгынхоо дагуу тухайн нөхцөл байдлыг бодолцон үзэж, үнэлж, хянаж байхыг засгийн газруудад уриалж байна. Нийтийн бодлогын гол зорилго нь хүсээгүй жирэмслэлтийг сэргийлэх, үр хөндөлтийг багасгах орших боловч, эмэгтэйчүүдийн хуулийн дагуу буюу өөрсдийн хүсэлтээр жирэмслэлтээ таслах, найдваргүй үр хөндөлтийн хүндрэл, дагавар уршгийг арилгахад тус болох мэдээлэл, зөвөлгөө үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн чанар сайтай албыг өргөтгөж хүртээмжтэй болгох хэрэгтэй.
Монгол улсад үр хөндөлтийн байдал
Монгол улсад үр хөндүүлэх явдлыг 1980-аад оны сүүлээр эхлэн хуулиаар зөвшөөрсөн. 1990 онд 29000 үр хөндөлт, 1991 онд хамгийн олон буюу 31 000 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн жилүүдэд энэ тоо 11 000 болж буурчээ. 1998 оны байдлаар үр хөндөлтийн тоо нь 9135-13000 хооронд байсан бөгөөд энэ нь таван амьд төрөлтөнд нэг үр хөндөлт ноогдож байна. /2003 оны баримтыг ЭТУГ-аас эрхлэн гаргадаг Эрүүл мэндийн үзүүлэлт номоос авч болно/
Хүн амын үндсэний бодлого нь үр хөндөлтийг хүсэээгүй хүүхдээ төрүүлэхээс зайлсхийх арга болгон хэрэглэхийг дэмжихгүй бөгөөд эмнэлгийн баталгаат нөхцөлд үр хөндөхийг хуулиар зохицуулна гэж заасан.
Үр хөндөлтийг жирэмсний зөвхөн эхний 3 сард, үр хөндөлтийн явцад гарч болзошгүй хүндрэлийн эсрэг арга хэмжээ авах боломж бүхий эмнэлгийн нөхцөлд зөвхөн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ. Гэхдээ үр хөндөлт нь иргэний даатгалд хамрагдахгүй үйлчилгээний төрөлд дурьдагдаагүй боловч бодит байдал дээр даатгалд хамрагдаггүй.
Үр хөндөх ажилбарыг хйихээс өмнө эмэгтэйн хүсэлтийг бичгээр авна. Үр хөндөлтийн өмнө болон дараа нь эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх талаар хуулинд заагаагүй ч ЭМЯ-наас гаргасан заавар журамд тусгасан байдаг. Бэлгийн замын болон бусад эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлт өвчин, умайн хүзүүний шархлаа байгаа үед үр хөндөлт хийхийг түр хориглодог.
Үр хөндөлтийг шалтгааныг судалсан судалгааны үр дүнгээс харахад үр хөндүүлэх болсон зонхилох шалтгаан нь эдийн засгийн боломжгүй-37.8%, цаашид суралцахын тулд 21.9% гэж байв. ЖХХ-ийн мэдлэг , хэрэглээ харьцангуй өндөр байгаа боловч жирэмслэх эрсдэл өндөртэй уламжлалт арга болох хуанли хөтлөх аргыг их хэрэглэж байгаатай холбоотой үр хөндүүлж байна.
Хэдийгээр үр хөндөлтийг гэр бүл төлөвлөлтийн арга биш гэж ухуулан хүр холбогдлыг нь тайлбарладаг ч, хүмүүс түүний уршгийг мэддэг ч гэсэн амьдрал дээр зарим эмэгтэйчүүд үр хөндөлтийг хүсээгүй хүүхдээ төрүүлэх арга болгон хэрэглэж байгааг эмэгтэйчүүдийн 80% нь давтан үр хөндүүлж байгаа явдал, бараг тал хувь нь үр хөндөлтийг чөлөөтэй байлгахыг зөвшөөрч байгаа, 30% эь гэр бүл төлөвлөлтийн арга мөн, 1.9% нь жирэмслэлтээ үр хөндүүлж зохицуулна гэж хариулсан явдал харуулж байна.
Үр хөндүүлэх үед болон түүний дараа эмэгтэй хүний бие мах бодид ихээхэн өөрчлөлт гарч, үр хөндүүлэх явцад эсвэл хэсэг хугацааны дараагаар хүндэрч болно.
Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд
цус алдалт, түүнээс үүдэж гарах бусад хүндрэлүүд
халдвар орж, цаашид даамжрах
өвдөлтийн шок
зөөлөн эд урагдах, умай цоорох
умай агшихгүй байх, эхсийн хэсэг үлдэх
Үр хөндүүлсний дараа гарч болох өөрчлөлтүүд
сарын тэмдэг алдагдах / хямрах/
умайн булчингийн агших чадвар сул болсноос умайн хөндийд шавхрага хуримтлагдах
умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
архаг үрэвсэл сэдрэх
үргүй болох
дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
дараагийн жирэмслэлтэнд эхэс буруу байрлах, эхэс цагаасаа эрт ховхрох, цус алдах
Үр хөндүүлсний дараа биений юм хэрхэн өөрчлөгдөх вэ ?
Хэд хонож ирвэл хэвийн гэж үзэх вэ ?
Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан хугацаагаар үргэлжлэх зэрэг өөрчлөлтүүд гарч болно. Үр хөндүүлснээс хойш 1 сар гаруй болоод сарын тэмдэг ирэх естой. Энэ нь урьд нь хэд хоноод сарын тэмдэг ирдэг байснаас хамаарна.
Үр хөндүүлсний дараа цус гарах естой юу ? Хэрвээ их хэмжээний цус гарвал яах естой вэ ?
Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах естой. Хэрвээ их хэмжээний цус гарвал үр хөндүүлсэн эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.
Үр хөндүүлсний дараа хэд хоногийн дараа эмэгтэй хүний бие эргэж хуучин хэвэндээ ордог вэ ?
Үр хөндүүлснээс 1 сарын дараа эмэгтэй хүний бие хэвийн байдалд орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орно.
Энэ хугацаанд эмэгтэйчүүд биеэ хэрхэн арчлах естой вэ ?
Эрүүл ахуйн дэглэмийг сайвтар сахиж, ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих
Биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж, хэрэв халуурах, бие эвгүйтэх шинж илэрвэл эмчид хандах
Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаагаар архи, тамхинаас татгалзах
Үр хөндсөний уршгаар бие эсэргүйцэл суларч, эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддаг тул аминдэмээр баялаг, илчлэг хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй
Эмчийн хяналтанд байх
Хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохисгүй нөлөөнөөс болгоомжлох шаардлагатай.
Үр хөндүүлсний дараа хэд хоноод бэлгийн харьцаанд орж болох вэ ?
Умайн амсар нээлттэй, умайн хана халдварт өртөмтгий байдаг тул бэлгийн харьцааг 1 сар буюу биений юм иртэл тэвчихийг зөвлөе. Бэлгийн харьцаанд орохдоо дахин жирэмслэхээс хамгаалах аргуудыг хэрэглэнэ.
Үр хөндүүлснээс хойш хэдийд дахин жирэмслэх боломжтой вэ ?
Үр хөндүүлснээс 10-15 хоногийн дотор эм бэлгийн эс дахин боловсорч, хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд сарын тэмдэг үзэлгүйгээр дахин жирэмслэх магадлалтай. Үр хөндүүлэх ажилбарыг 6 сарын дотор, мөн түүнээс ойр ойрхон хийлгэвэл олон удаа хуссанаас умайн хана нимгэрч, улмаар цоорч болзошгүй бөгөөд ийм үед эмчлэхэд хүндрэлтэй байдаг байдгаас гадна эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй.
Үр хөндүүлснээс хойш хэзээ жирэмслэвэл тохиромжтой вэ ?
Үр хөндүүлснээс хойш 1-1.6 жилийн дараа жирэмслэвэл тохиромжтой.
Үр хөндүүлснээс хойш жирэмслэхээс хамгаалах ямар аргыг сонгох вэ ?
Үр хөндүүлснээс хойш бэлгийн харьцаанд орохоос өмнө жирэмслэхээс хамгаалах дараах аргуудыг хэрэглэж болно
Хаалтын аргууд Бэлгийн харьцаанд ормогц
Дааврын хавсарсан уух эм Үр хөндүүлсэн өдрөөс эхлэн
Тариа /Депо-провера, Межестрон / Үр хөндүүлсэн өдөрт шууд хийнэ
Суулгац /Норплант/ Үр хөндүүлсэн өдөр шууд суулгана
Ерөндөг Үр хөндүүлсний дараа шууд
Бэлгэвч Бэлгийн харьцаанд ормогц