Албаны нэр барьж залилан хийх явдал ихэсч байна
СБ дүүрэг, 14 дүгээр байрны дэргэд байрлах автомашины гарааш дотроос хүний цогцос олджээ. Тус цогцос нь Европ хэлний дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан 21 настай Г-гийнх байжээ. Тэрээр гэрээслэл бичин судсаа ханасан байна.
Сонгинохайрхан дүүрэг, 42 сургуулийн зүүн талын жалганд хутгалуулж үхсэн хүний цогцсын мөрөөр явахад 24 настай эмэгтэй О-г 26 настай эмэгтэй Ч хөнөөсөн болох нь тогтоогджээ. Мөн иргэн А нөхрөө хардсаны улмаас амийг нь хөнөөсөн байна.
Чингэлтэй дүүрэг, дөрөвдүгээр байрны IY орцонд тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй 35-40 орчим насны хүний цогцос олдсон байна. Тэрээр бусдад хутгалуулан үхсэн байжээ.
Эдгээр хэрэг нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан байна. Харин гарч болзошгүй хэргээс сэргийлж та бүхэнд доорхи сэрэмжлүүлгийг хүргэж байна.
-Сүүлийн үед айлаар албаны нэр барьж залилан хийх явдал нэлээд гарч байна. Иймээс ард иргэддээ цагдаагийн байгууллагаас зориуд сэрэмжлүүлж байна. Баянзүрх дүүргийн YII хорооны 32 дугаар байранд үл таних хүн орон сууцнаас явж байна гээд орсон. Ороод айлын эмэгтэйг хүчиндэх гэж ноцолдоод дараа нь эд зүйлийг нь дээрэмдээд аваад явчихсан ийм ноцтой асуудал гарсан. Мөн СБ дүүргийн YIII хороонд орон сууцнаас явж байна гэж хэлээд айлаар орж бага насны хүүхдийг хүчирхийлсэн зэрэг ноцтой хэргүүд гарч байгаа.
Мөн амралтын өдрөөр ноцтой нэгэн хэрэг гарсан нь Ундраа зочид буудалд байрлаж байсан ОХУ-ын иргэн Николай бааранд нэгэн эмэгтэйтэй танилцжээ. Улмаар буудалд ирэн архидаж гарсан байна. Ингээд согтсон хойно нь 3500 доллар, 4500 рублийг уг эмэгтэй хулгайлан оджээ. Түүнчлэн 54 хэрэг нийслэлийн хэмжээнд гарсны 14 нь хулгай, 3 нь танхай, 13 нь автын хэрэг байжээ. Энэ бүгдэд дээр хэлсэнчлэн 14 хүн амиа алдаад байгаа юм. Мөн гурван өдөрт 673 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
/MN-25 телевиз/