Монгол таймс сонин дахин мэндэллээ
Нэг нам засгийн эрхийг дангаар барьсан өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчнээс ч илүү хяналтын үүрэг гүйцэтгэж байсан сонин телевизийн улстөр, эдийн засгийн сэдвээр дагнан бичиж мэргэшсэн сэтгүүлчдийн баг Монгол улсад дахин гарч эхэлжээ. Тэд уг сонинг анх үүсгэн байгуулсан улстөрчдийг ямар нэгэн нөлөөлөл хамааралгүйгээр Монгол таймс-ыг дахин гаргаж байгаа гэж хэллээ. Сэтгүүлчдийн баг засгийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран олон нийтийнхээ талд байж дөрөв дэх засаглалынхаа үүргийг нэр төртэйгөөр биелүүлнэ гэж амлаж байгаа юм.
-Сониныг гаргаж байгаа манай сэтгүүлчид бол өмнөх дөрвөн жилд сөрөг хүчний үүргийг хамгийн сайн гүйцэтгэж байсан, улс төрийн сэдвээр дагнан бичдэг, өдөр тутмын сонины манайдаа л урдаа барьдаг сэтгүүлчид нийлж гаргаж байгаа. Энд онцолж хэлэхийг хүсч байгаа зүйл бол одоо эрх барьж байгаа, хамтарч засгийн газар байгуулж байгаа улстөрчдийн ямар нэгэн нөлөө, санхүүгийн хамааралгүйгээр ингэж гаргаж байгаа.
Сэтгүүлчдийн багт шилжсэн Монгол таймс сонины анхны дугаарт улстөрчдийн авсан аялгууг нэр устай нь нийтэлжээ. МАХН-ын дарга Энхбаяр Мянганы зам төслийн өмнөөс Хятадын компанид 76 км замыг өгснийхөө төлөө бизнест үргүйтэх зардал нэртэй 7 сая долларыг улстөрийн зорилготой авсан гэж Хятадын талаас мэдээлжээ. Автозамын газрын дарга асан, УИХ-ын гишүүн Будад холбогдох хоёр тэрбум төгрөгийн авилгалын хэргийг ЦЕГ-ын газрын дарга Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямдоржийн даалгавраар нуун дарагдуулж байгаа гэх зэргээр энэ урт жагсаалд үргэлжилсэн байна. Энд дурдагдсан баримтууд дотроос хамгийн бага тоотой аялгууг УИХ-ын гишүүн Хүрэлсүх хүртжээ. Тэрээр нэг нөхрөөс 120 сая төгрөг авахаар дарамталж 100 сая төгрөг салгасан гэж хэсэг хуульчдаас илгээсэн маш нууц материалд дурдсан байна. Монгол таймс-ынхан энэ мэтээр улстөрчдийн хөшигны ар дахь бульхайг олон нийтийн өмнө зоригтойгоор илчилнэ гэж хэллээ. 2004 оны сонгуулиар Эвсэл, МАХН засгийн эрхийг хамтран барихаар болсон ч улстөрийн хоёр томоохон зөвшилцөл эвслийн нэрээр бие биеийнхээ бульхайг нуун дарагдуулах боломжийг олгох ёсгүй гэсэн байр суурийг Монгол таймс-ынхан баримталж байна.
-Өнгөрсөн дөрвөн жилд гүйцэтгэж байсан шигээ төр засгийн буруу бульхайтай үйл ажиллагааг илчлэх, тэнд оролцож байгаа улстөрчдийн авлига, хээл хахууль, тэрэнтэй холбоотой бүх баримтыг дэлгэн тавьж жинхэнэ олон нийтийнхээ өмнөөс хоточ нохойн үүргийг гүйцэтгэхээр ингэж санаа зорилго нэгдээд манай сэтгүүлчид энэ сониныг авсан юм.
Улстөр, эдийн засгийн чиглэлээр дагнан бичиж мэргэшсэн сэтгүүлчдийн баг Монгол таймс-ыг улстөрчдийн биш, уншигчдын эрх ашигт нийцүүлнэ гэж амлаж байна. Тиймээс эрх баригчдын бульхай луйврыг Эвсэл, МАХН гэж ялгахгүйгээр олон түмний өмнө ил болгоно гэж амлалаа.
/MN-25 телевиз/