Газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ

Тэрбээр хэрэгжиж эхлээд жил гаруйн нүүр үзэж байгаа дээрх хуульд багагүй дутагдал илэрч байгаа тул зайлшгүй нэмэлт, өөрчлөлт хийх нь чухал гэж үзжээ. Иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэр, гэр бүл болсон хугацаагаар нь ялгаварлан газар хувьчилж байгаа нь Yндсэн хуулиар баталгаажуулсан шударга ёс, тэгш байдлын зарчмаас ухарсан хэрэг боллоо хэмээн эрхэм гишүүн дүгнэж байгаа юм. Газар тариалангийн газрыг өмчлөх эрх зөвхөн чинээлэг аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөтэй хүмүүст нээлттэй, газар өмчлөлийн шийдвэрийг тухайн орон нутгийн Засаг дарга үзэмжээрээ шийдэхээр хуульд тусгаснаар төрийн зарим албан хаагч авилгал, хээл хахуульд автах үүдийг нээсэн, газар өмчлүүлэх үйл явцад иргэд, төрийн бус байгууллагын хяналт тавих боломжийг орхигдуулсан зэрэг дутагдал одоо үйлчилж буй хуульд харагдсан нь нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс болсон байна.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар газар тариалангийн салбарт жилбүр их хэмжээний зээл тусламж зарцуулдаг ч хүн амынхаа хүнс тэжээлд хүрэлцэх хэмжээний ургац хурааж чаддаггүй үрэлгэн хэлбэрээс татгалзаж өндөр үр ашигтай жижиг, дунд фермерийн аж ахуй бий болгох үндэс бүрдэх хууль эрх зүйн орчин бүрдэх аж.
Хуульд дараах зарчмын өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Юуны өмнө газрыг иргэдийн өмчлөлд шилжүүлэхдээ их, бага өртгөөр худалдахаас татгалзах юм байна. Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газраас гадна газар тариалангийн зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх өөрчлөлт оруулах талаар тусгажээ. Газар тариалангийн бүс нутгийн сум, дүүрэгт байнга оршин суудаг 18 насанд хүрсэн иргэн бүр тариалангийн зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчилж авах боломж нээгдэх нь. Yнэгүй газар өмчлөх хүсэлтэй иргэд үржил шимтэй газар авахыг хүсэх нь зүй ёсны хэрэг. Энэ хэцүү асуудлыг шдож сугалах замаар шийдэх аж. Нэг гэсэн дугаар сугалбал өмчлүүлэх газраас хамгийн түрүүнд дуртайгаа сонгох боломж нээгдэнэ гэсэн үг.
Газар тариалангийн хуульд заасны дагуу одоо үр тариа, төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд тэр газрыг нь нэг удаа нутаг дэвсгэрийн харьяалал харгалзалгүйгээр үнэ төлбөргүй өгөхийг санал болгожээ. Энэ нь нэг талаас тариалангийн аж ахуйг тогтвор суурьшилтай эрхэлж байгаа иргэдийг төрөөс урамшуулсан хэрэг болох юм байна. Усжуулах систем байгуулан хөрөнгө оруулалт хийсэн үр тарианы аж ахуйн эзэмшил газрыг төрийн өмчлөлд үлдээхээр заажээ. Усалгааны системгүй аж ахуйн нэгж гэрээний эрхээ цуцлуулах болох нь. Тэр газрыг тухайн суманд амьдарч байгаа иргэдэд нэг удаа үнэгүй хуваан өмчлүүлэхээр нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулжээ. Хэрэв төсөл хууль болж батлагдвал атаршиж хаягдсан талбайд хөрөнгө оруулалт хийж давуу эрхээр эзэмшиж буй иргэн тэндээсээ ургац авбал хийсэн хөрөнгө оруулалт, авсан ургацын хэмжээгээр нь өмчлүүлэх аж.
Газар тариалангийн болоод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлөх газрын хэмжээ байршлыг УИХ нийтэд зарлаж байхаар төсөлд оруулжээ. Ингэснээр шат шатны олон байгууллага үүнийг баталж байгааг зогсоох юм. Цаашдаа үнэ төлбөртэйгөөр буюу аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэхдээ тухайн жилийнх нь төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байх нь зүйтэй гэж хууль санаачлагч үзжээ. Yр шим багатай, дэд бүтэц хөгжөөгүйгээс эргэлтэд орох боломжгүй газрын үнийг хөөрөгдөх, эргэлт сайтай газрыг бага үнээр авах нь авилгал, хээл хахууль үүсэх нөхцлийг бүрдүүлж болзошгүй тул газрын суурь үнэ тогтоох талаархи зохицуулалтыг хуулиас хасахаар тусгажээ.
Газраа бусдад шилжүүлж байгаа иргэн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тэр нь хэтэрхий олон шат дамжлагатай байгааг эзэмшигч өмчлөгчийн эрхийг зөрчсөн хэрэг хэмээн үзэж Yндсэн хуульд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдэж байхаар өөрчлөх санал дэвшүүлээд байна.
/Өдрийн сонин, 2004, 10.06, 247/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button