Харийн бэр болсон бүсгүй өрийн барьцаанд үлджээ

Манай сонины 224-рт Баян солонгос эрд зуучлагчийг сурвалжилсан нь нэртэй нийтлэл гарсан билээ. Эл нийтлэлийн дараа 25 настай нэгэн бүсгүй бидэнтэй уулзсан юм. Тэрбээр өөрийгөө танилцуулаад Танай сонинд гарсан материалыг уншаад уулзах гэж ирлээ. Энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл манай сонинд хандаарай гэсэн байсан тул та бүгдэд нэгэн найздаа тохиолдсон явдлыг ярих гэж ирлээ гэсээр бидний яриа өрнөсөн юм.
Хичээл ч гэлээ нүдэнд дулаахан эрийг харсан бүсгүй яагаад ч юм гурав хоногийн дотор хуримаа хийжээ. Тэдний төсөрхөн хурим нэгэн амралтын газрын зоогийн танхимд болсон байна. Баян эр гэхэд тарчиг гэмээр хурим хийж буйг харсан бүсгүй найздаа, Наадах чинь үнэхээр баян юмуу даа. Харахад ямар ч гэм зэмгүй төрхтэй ч нэг л биш. Эхнэр хүүхэдтэй эсэхийг нь сайн судалсан юмуу? гэхэд Миний найз санаа бүү зов. Азаар тэр ноомой юм байна. Солонгост очоод сүртэй хурим хийнэ гэсэн. Монголд зөвхөн ёсолж байгаа гэж зуучлагч танилцуулсан. Хуримын хувцас худалдаж аваарай хэмээн ээж, аавд 500 ам.доллар өгсөн.Баян хүмүүс чинь эхлээд юу юугүй их мөнгө цацахгүй шүү дээ гэж тайвшруулсан аж. Хурим болсноос хойш хоёр хоногийн дараа хүргэн нутаг буцав. Тэрбээр эхнэрээ ургийнхаа бичигт оруулчихаад урилга явуулахаар болжээ. Удалгүй урилга ч ирж. Энэ хооронд бүсгүйд зуучилсан хүмүүс байнга холбоотой байв. Солонгос хэлний сургалтад 45 хоног суугаад амжиж. Зуучлагчийн хэлсний дагуу БНСУ-ын Элчин сайдын яаманд очиж, бичиг баримтаа өгөв. Виз ч ядах юмгүй бүтэж. Солонгос хүрэх замын зардлыг зуучилсан хүмүүс гаргажээ. Ингээд үе мултарсан хүний эхнэр болж, харь орныг зорьсон аж. Үүнээс хойш хагас жил өнгөрөв. Найзаас нь сураг чимээгүй. Ааваас нь асуувал, Сураггүй байгааг бодоход сайн яваа юм байлгүй хэмээжээ. Бүсгүй найзыгаа ганц удаа ч холбоо бариагүйд гайхаж, дотроо гоморхох сэтгэл төрсөн ч хэзээ нэгэн цагт утас цохино гэдэгт итгэлтэй байв. Нэгдүгээр ангиасаа эхлэн хаана ч явсан салдаггүй найзууд байсан учир тэр ийн найдсаар байжээ. Гэтэл нэг өдөр найзынх нь эгч уйлсаар орж ирэв. Цаадах чинь сая надтай ярилаа. Хадмууд нь зодож, занчдаг гэж байна. Их л зовж байгаа янзтай. Утсаар ч ярьж чадсангүй, уйлаад хэцүү байна. Энэ тухай ээж, аав хоёрт хэлэхээр санаа зовоод даралт нь ихэсчих байх. Нөхөртөө хэлэлтэй биш. Тэр анхнаасаа солонгос хүнтэй сууж байгнаагнь хүлээн зөвшөөрөөгүй. хурим хийнэ гэхийг сонсоод нөхөр маань болиулах тухай аавд үг цухуйлгахад Амьдралыг нь аваад явж чадах юм бол гадаадын иргэн ч байсан ямар хамаатай юм бэ. Чи одоо миний охиныг юугаар гийгүүлж байгаа юм. Дөрвөн улиралд өмсөх хувцсыг нь солиод өгч чаддаг билүү гэж загнасан. Чамаас өөр ярьчих хүн алга хэмээжээ. Энэ явдлын дараахан бүсгүй найз руугаа утасдсан байна. Харилцуурын цаанаас үл ялиг чичирхийлсэн өнгөөр ярьж байсан түүний хоолой зангирч уйлж эхлэв.
-Юу болсон бэ…
-…
-Найз нь энд хүнд байна. Нөгөө баяр эр гээд байсан чинь нэг тариачин юм байна шүү дээ. Ээж нь өглөө эрт бос гэж загнаж зодно. Ажил сайн хийсэнгүй хэмээн бүгд л намайг ад үзнэ. өглөөнөөс авахуулаад орой хүртэл тариан талбайд ажилладаг. Сүүлдээ нуруу хөшөөд явж чадахгүй болсон. Тэд намайг огт тоогоогүй. Би ийм амьдралтай хүнтэй сууж байгаагаа мэдээгүй. Амьдрал нь ч хүнд юм билээ.
-Тэгвэл салаад ирээч, замын зардлаа наанаасаа олоод ирж чадахгүй юмуу?
-Салж болохгүй байна аа. Монголд байхдаа хуримын гэрээ хийсэн. Тэр нь солонгос хэлээр байсан учир юу бичсэнийг нь мэдээгүй. Зуучлагч өөрөөр тайлбарлахад нь итгэсэн юм. Гэтэл тэр гэрээнд Хэрэв өөрийн хүсэлтээр гэрлэлтээ цуцлах болбол хуримын зардлыг төлнө. Төлөөгүй тохиолдолд намайг яасан ч болно гэсэн утгатай байсныг нь мэдэхгүй гарын үсгээ зурчихжээ.
-Тэгээд одоо яах вэ. Бид яаж туслах вэ. Солонгост суугаа Элчин сайдынхаа яаманд хандсан уу?
-Учир байдлаа яриад уулзсан. Иргэн хоорондын юм болохоор нэг их ач холбогдол өгөөгүй. Харин хэлмэрч гаргаж өгч гэрлэлтээ цуцлахад туслах болсон. Энэ тухай гэрийнхэнд дуулгаж болохгүй шүү. Санаа нь зовохын нэмэр гэсээр тэдний яриа дуусчээ.
Хоёр сарын дараа бүсгүй найз руугаа ярив.
-Сайн уу. Юу болж байна?
-Хэлмэрч миний бүх бичиг баримтыг цэгцлээд гэрлэлтээ цуцлуулчихлаа. Гэхдээ хурим болон энд ирсэн замын зардлаа төл гэсэн. Үүнийг төлөөгүй цагт хаашаа ч явж чадахгүй нь. Гэсэн ч яах вэ. Санаа зоволтгүй. Найз нь нэг үеэ бодвол арай жаахан сэргэж байна. Сэтгэл санаа ч тэр. Намайг салах болсныг тэднийхэн хэлмэрчээс сонсоод их уурласан. Ээж нь зодсон. Тэнд бэрээ цохиод авахад нэг их асуудал биш юм билээ. Хурдан л харих юмсан.
-Тэр мөнгийг нь хүн амьтнаас зээлж байгаад ч гэсэн төлөх боломжгүй юмуу?
-Хэрэггүй биз дээ. Та нар төлж хүчрэхгүй биз.
-Хэд юм бэ?
-Манайхаар бол 15 сая төгрөг. Энд ажил олж хийгээд өгнө. Миний тооцоолсноор жил гаруй болоход төлчих байх. Харин цалин өндөртэй ажил олох хэрэгтэй байна.
Үүнээс хойш харийн бэр болсон найз нь нэг хэсэг чимээгүй болсны эцэст дахин ярьжээ.
-Ярих боломж олдохгүй байсаар удчихлаа. Ажилд орсон. Нэг таньдаг эгч маань шөнийн цэнгээний газарт ажилладаг юм байна. Түүнд зовлонгоо ярьсан чинь хүрээд ир гэсэн. Сард 2000 ам.долларын цалинтай. Эхний сар ажилласан хөлсөө аваад өрөндөө өгсөн. Гэтэл дараа сарын цалин өгдөггүй. Яагаад гэдгийг ньэзнээсээ асуутал, Чиний цалинг битгий өг гэж хуучин танил нөхөр минь хэлсэн гэдэг байгаа. Эгчийн цалинг бас өгөхгүй байгаа гэсэн. Өрийн барьцаанд ороод хэцүү байна. Би ийм л амьдрал үзэх байсан юм байлгүй. Эх орондоо амьд мэнд очиж чадах нь уу, үгүй юу мэдэхгүй гэснээр тэр хоёрын яриа өндөрлөжээ. түүнээс хойш бүсгүй дахиж яриагүй байна. Энэ яриа одоогоос гурван сарын өмнө болсон гэнэ. Өрөнд барьцаалагдсан бүсгүй сураг тасарсан тул эгч, найз хоёр нь утас чагнан хүлээсээр. Ямар нэгэн сураг дахин сонсогдсонгүй. Харин манай сонинд гарсан нийтлэлтийг уншаад төстэй байсан учраас бидэнд хандсан гэнэ. Дээрх бүсгүйг зуучилсан хүн цэргийн байгууллагад ажиллаж байсан дэд хурандаа байсан учир түүнтэй уулзаж, сургийг нь гаргая тэр хүн найзыг минь хүнтэй суухад нь зуучилсан учир аюулгүй байдлынх нь талаар баталгаа авах гэсэн юм хэмээсэн юм.
2004.10.06, Өнөөдөр