Хархориныг дэлхийн хот болгоё

Түүх удаан үргэлжилсэнгүй. Хааны ордны өмнө сүндэрлэх Хархорумын алдарт мөнгөн мод хүмүүсийн ой тойноос арчигдан балрах өдөр ирдэг байжээ. Хархорумын нэр сүр Хубилай хааны үеэс бууран өнгөө алдах болов. Тэрээр эзэнт гүрний нийслэлийг Ханбалыг /Бээжин/-д шилжүүлсний улмаас урд хөршид уран барилгын гайхамшиг нь давхар шилжих болсон билээ. Хожмоо хятадуудын хоёр удаагийн довтолгоон хийгээд Монголын бага хаадын тэмцлийн улмаас Хархорум хот сүйрсэн юм.
Хожмоо түүний туурин дээр Эрдэнэ зуу хийдийг байгуулж байсан нь өвөг дээдсийн минь нарийн бодлого. Дэлхийн нийслэл байсан Хархорум ийм л богино настай, даяаршлын өлгий хот байв.
2003 онд Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Үүнд улсын нийслэлийг Хархорин руу шилжүүлэх тухай заалт орсон билээ. Эдүгээ их гүрнүүдийн геополитикийн олон ашиг сонирхол Монголд уулзалдах болсон цаг. Бидний ялимгүй хөдөлгөөнийг хүртэл ажиглаж байгаа. Гэтэл тэдний хамар дор Монгол улс нийслэлээ шилжүүлэх нь ээ. Бүр домогт Хархорумдаа аваачна гэж байгаа.Дэлхийн соёлт улс гүрнүүдийн хувьд төрийн төв буюу нийслэл хотоо хаана байгуулах, хэрхэн шилжүүлэх нь улс орны онцгой асуудал төдийгүй үндэстнийх нь ч Ахиллын өсгий байдаг. энгийнээр хэлэхэд нийслэл гэдэг хааны ордон юм. Эртнээс төр улсаа байгуулж ирсэн орнуудын туршлагаас харахад уг ордноо тойруулан төр захиргаа, худалдаа, соёлын барилга байгууламжаа хэрхэн байгуулж ирсэн нь нэг л хэв шинжтэй байх. хамгийн гол нь өөрийн соёл иргэншил, сүр хүчийг цомхноор илэрхийлсэн, улс орны зангилаа болсон төвлөрөл байдаг. Тийм ч учраас хүчирхэг улс гүрнүүд оюун санааны бахархал, бэлгэдлээ нийслэл хотдоо шингээж өгөхийг нэн тэргүүнээ тавьсан улс төрийн бодлогыг түлхүү баримталдаг юм билээ. Нийслэл хот олон хүнтэй байх албагүй. Хүн амынхаа тоогоор дэлхийд 7-рт бичигддэг япончуудын аравны нэг хүрэхгүй хувь нь Токиод оршин суудаг. Харин манайд эсрэгээр. Хүн амынхаа гуравны нэг хувийг агуулсан Улаанбаатарын өнөөгийн бачимдалтыг хэн ч хэлнэ. Одоогоор ирээдүйн нийслэл хотод амьдрах хүн амын тоог 40 мянгаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ нь арай цөөднө. Улс бүхэн өөрийн нутаг дэвсгэр, хүн амдаа зохицсон статустай байдаг. Тэгэхлээр 350 мянгаас хэтрэхгүй хүн амтай хот байх нь Хархорины жинхэнэ дүр зураг баймаар. Яагаад гэвэл Хархорин орчмын газар нутаг нь аялал жуулчлалын том төв болон хөгжих боломж бий учраас хүн амын сэлгэлт, суурьшилт үүнийг дагалдах учиртай. Дэлхийн улс орнуудын жишгээс харахад шинэ тутам үүссэн орнууд ихэвчлэн нийслэлээ шилжүүлэн байгуулдаг. Тухайлбал, Америк, Канад, Австрали гэх мэтийн орон байна. Сүүлийнхээс Казах гээд тоочиж болно. Яагаад Канадууд Торонтогоо, Америкууд Нью-Йоркоо, Австралиуд Сиднейгээ орхив. Өнөөгийн Казахууд яагаад нийслэлээ солих болов. Энэ нь ерөнхийдөө бүгд найрамдах засаглалтай улс орнууд өөрсдийгөө цоо шинээр сэргээн мандуулах гэсэн хандлагаас урган гардаг. Харин Европын хуучин хаант засаглалын өв уламжлалтай орнууд омог язгуурын тэмцлийн ялалттай холбоотой үзэл дээрээ түшиглэн нийслэлээ байгуулж байв.
Дэлхийд нийслэлээ шилжүүлээгүй нэгээхэн орон ч үгүй. Чингис хаан нийслэлээ Аураг ордоос Хархорин руу шилжүүлж төв байршлыг харгалзсанаас гадна дэд бүтцийг түшсэн хэрэг. Алдарт торгоны замтай нийслэлээ ойртуулах нь Их монгол улсын хөгжилд үлэмжхэн үүрэгтэйг Чингис хаан бодолцсоных юм. Үүнээс харахад замаа дагаж хот нь бий болдог олон улсын жишгийг манайхан тэртээр 13-р зуунд ч олж харсан байгаа биз. АНУ-ын ихэнх хот хоёр эргээрээ голдуу байдаг нь усан замаа бараадсан онцлогтой. Гэхдээ сонгодог өв уламжлалтай орнуудад нийслэлээ шилжүүлэх үйл явц нь үндэсний онцлогоосоо хамаараад ямагт хуучин руугаа тэмүүлэх хандлагад захирагддаг байна. Тухайлбал, Баруун Европын Парис, Берлин, Ром, Лондоныг солих оролдлого гарч байсан авч уламжлалаа, сонгодог хэв маягаа орхихоос угсаатны сэтгэл зүй нь татгалзжээ. Коммунизмын үеийн оросууд Санкт-Петербургээс нийслэлээ Москвад шилжүүлсэн нь дээр өгүүлсэн Европын жишгийг дагаснаас гадна газар зүйн байршлаа харгалзан үзсэнийх билээ. Энэ мэтчилэн янз бүрийн шалтгаанаар Азиас л гэхэд л Өмнөд Солонгос гурав, Япон гурав, Хятад дөрвөөс таван удаа нийслэлээ сольсоор ирсэн байдаг.
Түүхээс үзэхэд манай орон 16-р зуунаас хойш буцаад Хархорин орчимд төвлөрөх боломж байсан авч энэ нь шашны тэмцлийн улмаас бүрэлдсэнгүй. Эрдэнэ зуу анх улааны шашны маягаар байгуулагдсан байдаг. Үүнээс дөлөгсөд буюу шарын шашныг чухалчилсан нь өдгөөгийн Улаанбаатарын үүсэл суурь болсон юм. Эдүгээ бидэнд нийслэлээ шилжүүлэх бодит шалтгаан гэвэл тун олон. Төвлөрлийг сааруулах, хөгжлийн шинэ төв бий болгох гэдэг нэг хэрэг. Хамгийн гол нь өөрийн гэсэн идеальгүй болсон өнөөгийн монголчуудад түүнийг нь эргүүлэн авчрах нэг хэлбэр нь нийслэлээ Хархоринд байгуулах явдал юм. Монгол улсын төрийн төдийгүй, түүх соёл, шашин, аялал жуулчлалын маш том төв байх бэлгэдэлт дүр зураг ирээдүйн Хархориноос харагддаг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Бүсийн тулгуур төв Хархоринтой нийслэлийг давхцуулахгүй гэж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасан байгаа. Хархориноос 20-иод км-ийн наана, бүсийн босоо тэнхлэг мянганы зам төмөр замтайгаа холбогдсон байх аж. Төмөр зам нь манай орны баруунаас зүүн нутгийг холбохоор төлөвлөж буй шинэ сүлжээ юм. Манайд сүүлийн үед идэвхтэй хөгжиж буй аялал жуулчлалын тэргүүн бүсэд Хархорин орчмын нутаг ордог гэдгийг дээр өгүүлсэн. Энэ салбарын хөгжлийг ирээдүйн нийслэлийн хөгжлийн бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн хурдтай зайлшгүйгээр уялдуулан араг ясыг нь зангидах явдал манай төрийн шинэ зууны гол бодлого байх ёстой юм. Хот босгож болно. Төрийн эрх үүргийг хадгалж, онцгой статустайгаар орших шинэ нийслэлээ байгуулахдаа бид дэлхийн орчин үеийн супер хотыг ашиглахыг урьтал болгох ёстой. Өнөөдөр дэлхийд гайхуулсан, шагшуулсан, алмайруулсан өөрсдийгөө дөвийлгөн товойлгосон үлгэр домгийн гэмээр бүтээн байгуулалтыг улс үндэстнүүд эрхэм болгодог болж. Энэ нь тэдний ирээдүйн үнэт өв, мандан бадрахын тооно байх учиртайг тооцоолдог болж. Үүнийг санах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд бид Улаанбаатар болон Дархан, Эрдэнэтийг эс тооцвол өөр хотгүй. Хот гайхамшигтай байхынхаа хэрээрээ хөгжил дэвшлийг дагуулдаг нь даяаршиж буй энэ ертөнцийн төрх болжээ. Дахин хэлэхэд шинэ нийслэл маань Монгол үндэстний дахин сэтгэлтийн эрч хүчний төв байна, тэнд үүнийг илтгэсэн, харуулсан өнгө төрх бүхий гайхамшигтай бүтээн байгуулалт бий болох учиртай.
Тэгж чадаж гэмээнэ бид дэлхийг соронзон мэт татаж өөрсдийгөө таниулж чадах билээ. Шүр сувд шиг үндэстэн гэдгийгээ илтгэн харуулах ганц боломж энэ. Хархорин хийгээд түүний хавь орчим, Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газрууд нь олон улс үндэстний засаглалын өлгий, түүний ул мөрийг гайхалтайгаар нуун хадгалсан бүс нутаг. Манай эзэнт гүрнээс хойшхи түүхийн олон улбаа энд бий. Энэ бүхнийг гойд уран санаагаар баяжуулан харуулмаар. Гэхдээ уламжлалыг шинээр олж харсан, дэлхийн орчин үеийн хот байгуулалтаас өөрөөр бодож олсон буюу бусдад үлгэр дууриал болохуйц баймаар. Өөрөөр хэлбэл, шинэ үеийн монгол угсаатны цоо шинэ санаачилга, дэглэлт байх ёстой. Түүх соёлын дурсгалт зүйлс бол аялал жуулчлалын жинхэнэ өгөөш.
Энэ үүднээсээ бараг Таж махал, Хагортын оршуулга, Эйфелийн цамхаг, Кремлийн ханатай нэр цуугаар эн дүйцэхүйц хэмжээний Өгөөдэй хааны Түмэн амгалант ордон, улааны шашны Эрдэнэ зууг шинээр төсөөлөн бодох нь бидний эх оронч үүрэг болж байна. Мөн шинэ нийслэл олон улсын санхүү, бизнесийн нэг төв байх учиртайг саная.
Манай улсын эргэн тойронд Токио, Сөүл, Осака, Хонконг, Тайпэй зэрэг олон улсын санхүү бизнесийн төв хот байршиж, бүс нутгийн цохилох зүрх болсоорб айгаа. Ирээдүйд эдгээр хоттой хэрхэн холбох нь өнөөдрийн хот байгуулалт, түүнд чиглэсэн үзэл баримтлалаас эхлэх билээ. Биднийг дэлхийд Чингисийн Монгол гэдгээр нь мэддэг юм бол олон жил ярьсаар ирсэн Чингисийн алдарт цогцолборыг тэнд л байгуулъя. Жуулчдыг даллан дуудах том суваг болох нь тодорхой. түүнчлэн уг цогцолборыг тойрон монгол үндэстний эрхэмлэх үнэт өв бүрэлдэн бий болно.
Аялал жуулчлал гэснээс Улаанбаатарт байхгүй өндөр зэрэглэлийн зочид буудлууд, түүнийг дагасан үйлчилгээ, соёлын цогцолбор ч баригдах нь зүйн хэрэг. Харин илүү дутуу овоохой-г нэмэхийн хэрэггүй. Юуны өмнө ах-тайгаа дэд бүтцийн хувьд бүх талаар холбогдсон байх нь чухал хэрэг болж байна. Агаарын нислэг, хурдны зам, хурдан галт тэрэг гээд л. Иймээс Хархорин орчмын одоогийн тэлэлтийг зогсоох хэрэгтэй.
Төрийн зүгээс онцгой бүс гэж үзээд тэр хавийн газрын зөвшөөрлийн асуудлыг төр эзэгнэх шаардлага урган гарч байна. Элдэв жуулчны баазууд, уугуул иргэд олшрохыг хориглох гэх мэтээр төрийн зүгээс шийдвэрлэх чимхлүүр ажил их бий. 21-р зууны Монголын хөгжлийн эхний том төлөвлөлт болсон шинэ нийслэлийг багуулах явдал дан ганц бидний хүчин чармайлт, эх оронч зүтгэлээр бүтчихгүй л дээ. олон улсын санаачилга, хамтын оролцоог бодолцож таарна. Ирээдүйд тэнд байрлахгадаадын Элчин сайдын яамдын барилга байгууламжийг барихдаа одооноос тендер зарламаар байна. Шинэ нийслэлийн хот төлөвлөлт нь Монгол улсын хөгжилтэй холбогдсон байх учир гадаадын бүх хөрөнгө оруулалт үүнд захирагдах нь зүйн хэрэг болох юм. Шинэ нийслэлээ тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор урьдчилан дэлхийд зарлаж болно. Энэ нь их нэмэртэй. Чингис хаан зарлиг болсон тэрхүү 1220 оны давхцал 2020 он хүртэл гол барилга ордонгуудаа байгуулж амжъя. Монголын төв хэсэгт орших Орхоны хөндийд дэлхийн соёл иргэншлийн өлгий байсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Энэ үүднээсээ тус бүс нутгийг дэлхийн өвд бүртгэн авах боломжтой болж байгаа. Энэ нь Хархорины ирээдүйд тун таатай нөлөө үзүүлэх юм. Дээр өгүүлснийг хураангуйлбаас Хархориныг Монголын шинэ нийслэл болгон гайхамшигтайгаар цогцлон бүтээх нь гагцхүү манай улсын төдийгүй дэлхий нийтийн ч асуудал юм.
Миний хот ертөнцийн хот болно.
2004.10.06, Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button