Богд ууланд нүхэн гарц гаргах бололтой

Учир нь Баабар одоогоос нэг жилийн өмнө Богд уулыг нүхлэе гэсэн нийтлэл бичиж олныг гайхшруулсан билээ. Уг нь нэг их гайхаад байх зүйлгүй л дээ. Энэ нь Баабарыг сануулахаас өмнө яригдаж байсан асуудал ажээ. 2002 онд Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нийслэл Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнд Богд ууланд нүхэн гарц гаргах асуудлыг анх тусгасан байна. Тэд Нүхэн гарц гаргаж яах гэж байгаа юм бэ гэсэн зкарчим хүмүүсийн асуултанд хариулахдаа Олон улсын нисэх онгоцны буудалтай болохын тулд Богд ууланд нүхэн гарц гаргах зайлшгүй хэрэгтэй. Яагаад гэвэл Буянт-Ухаагийн нисэх буудлын буух, хөөрөх нислэгийн зурвас ганцхан чиглэлтэй. Онгоц зөвхөн нэг чиглэлд бууж, хөөрдөг. Онгоц хэрвээ чиглэлээ өөрчлөхөд хүрвэл тойруу замаар эргэлт хийж маш их шатахуун зарцуулдаг.
Олон улсын нисэх онгоцны буудал нийслэл хотоосоо тавин км-ээс холгүй байх ёстой. Тиймээс Хөшигийн хөндийг Улаанбаатар хоттой ойртуулахын тулд Богд ууланд нүхэн гарц байгуулах хэрэгтэй гэжээ. Уг нь Богд ууланд нүхэн гарц гаргачихвал зөвхөн нисэх буудалд ашигтайгаар нөлөөлөөд зогсохгүй Улаанбаатараас Төв аймаг орох замыг ихээхэн товчлох бөгөөд энэ хоёрын хооронд ердөө аравхан минут л зорчих аж. Богд ууланд нүхэн гарц гаргах сургаар уг асуудлыг гүйцэтгэхээр гадаадын хэд хэдэн компани хандсан гэдэг. Ямар сайндаа л Солонгосын нэг компанийн удирдах хмүүүс Монголд ирж Богд уул орчмын нөхцөл байдалтай танилцаад буцжээ. Тэд олон улсын нисэх буудлын төсөл боловсруулсан бөгөөд уг буудлыг барихад 100 сая ам.доллар хэрэгтэй гэсэн байна. Нүхэн гарц нь найман км өргөнтэй, хоёр урсгалтай, урсгал бүр нь хоёр эгнээ бүхий хурдны замтай байх аж. Олон улсын нисэх буудал нүхэн гарц гаргах бүх зардлыг төсөл гүйцэтгэгч компани гаргах бөгөөд нэг үгээр хэлбэл Монголд 100 сая ам.доллар эргэлтэнд орно гэсэн үг. Ийм сайхан боломжийг уг нь ашиглах л хэрэгтэй. Гэвч Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр үүнийг эсэргүүцэх хүн олон байгаа аж. Тэд мөнөөх л хуучин нийгмийн сурталд автан Богд ууланд нүхэн гарц байгуулбал ан амьтан үргэж дайжин, ховор эмийн ургамлыг талхалж юу ч үгүй болгоно гэж сэрэмжилж байгаа бололтой. Ан амьтан дайжлаа гэхэд нүхэн гарцнаас хааш хаашаа 100 метрт л дайжих болов уу. Эмийн ургамал ч ялгаагүй. Соц нийгмийн үед АИХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Богд уулын ан амьтан, эмийн ургамлыг ашиглах тухай яригдахад Ж.Самбуу дарга Намайг амьд байхад Богд уулаар оролдохыг би зөвшөөрөхгүй гэж эрх мэдлээрээ далайлгасан гэдэг. Зөвхөн ан амьтан, эмийн ургамлыг нь ашиглах гэхэд ингэж аашилсан юм чинь нүхлэх тухай яригдсан бол яаж цамнах байсан бол. Иймэрхүү байдлаар хэт хуучинсаг үзлээр хандаад байвал 100 сая ам.долларын төсөл боловсруулсан Солонгосын компанийг үргээчих биз. Харин Богд ууланд нүхэн гарц гаргах асуудалд ноён Баабар ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд тэрбээр тун удахгүй Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Богд уулыг нүхлэх ажилд магнайлан оролцох бололтой. Тэгээд ч Эх орон-ардчилал эвслийнхэн дээрхи асуудлыг төвөггүй шийдвэрлэх эрх бүхий Барилга, хот байгуулалт, Зам тээвэр, аялал жуулчлалын яамыг өөрийн мэдэлд авсан билээ. Ингэснээр Богд ууланд нүхэн гарц гаргах Баабарын хүсэл биелэгдэх бололтой.
/2004.10.07, Ноцтой мэдээ/