Цэвэлмаа бол Очирбатынх гэдэг айлыг эзэгнэнхэн төрсөн эзэгтэй
Тиймээс ч бид энэ удаагийнхаа Гэр бүлийн хоймор буланд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат болон түүний гэргий Ш.Цэвэлмаа нарыг урьж айл гэрийн аз жаргалын талаар цөөхөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Хайр халамжаа нэгэндээ харамлахгүй хүртээдэг халуун ам бүлээ танилцуулахгүй юу?
-Манайх ам бүл олуулаа. Тэр бүрийг танилцуулбал урт нуршуу яриа болно. Очирбат, Цэвэлмаа хоёрыг танилцуулалтгүй, Монголын ард түмэн мэднэ байх. Хоёр охин, хоёр хүргэн, гурван зээг манай гэр бүлийнхэн гэж тооцдог. Тэгэхдээ тэд бүгд өөр өөрийн гэр бүлтэй, тусдаа гарцгаасан.
Гэр бүлээ бүгдийг нь нэг бүрчлэн танилцуулна гэвэл их удна. Хүүхдүүд маань манайхаар байнга ирж ээж, аав, эмээ өвөөгөө эргэж тойрч өгөхөө өгч, авахаа авч бид байнга хамт байдаг халуун амьтай улс. Хамтдаа байгаа үедээ л бид хамгийн жаргалтай байдаг.
-Гэр бүлийн аз жаргал юунд оршдог хийгээд анхны үрээ тэврээд аз жаргалаар бялхаж байсан баярт мөчөө дурсаач?
-Гэр бүл гэдэг хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, амьдрах орчин. Гэр бүл гэдэг хүмүүн сүрэг дотроос хоёр хүн бие биенээ олж бие сэтгэлээрээ нийлж амьдрах хэлбэр. Гэр бүл гэдэг хүн аз жаргалаа өөрсдөө дархлан бүтээдэг жаргалын ордон. Гэр бүл гэдэг хүүхдийн бүүвэй аялуулсан мөнх оршихын дуудлага. Гэр бүл гэдэг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж явах нандин эрдэнэ.
-Гэр бүл гэдэгж аргал зовлон дундуур туулж гарах нэгдэл. Гэр бүл гэдэг чи өөрийгөө хувилж үлдээх бурхны орон. Үрийн зулай үнэрлэх аз жаргалын дээд хишиг. Тэгэх тусмаа анхны үр төрүүлэн эх болохын баяр хөөрийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Эмэгтэй хүн эх болох нь бурхнаас хайрласан дээд заяа юм шүү дээ.
-Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг гэдэг. Хайрласан шиг хайрлахын нууц хийгээд хааяа ч гэсэн ханиасаа нуух зүйл байж болох уу?
-Хайр сэтгэлээрээ ханижл суусан хоёр хос, хоёр биенээ хайрлахаас гадна хүндэлж сурах нь хамгаас чухал. Бие биенийхнээ үзэл бодол, дадал заншил, сонирхол ер нь ертөнцийг үзэх үзлийг нь хүндэтгэж байвал аль алинд нь цаашдаа хэрэгтэй байдаг. Нэгэнт л хамтдаа амьдралын нугачаа ээдрээ болгоныг туулахаас хойш муу нуухаар сайн илчил гэдгийг санаж санаа оноогоо харилцан ярилцдаг байх хэрэгтэй.
-Хоёр хос сэтгэлээрээ их ойрхон байж бие биендээ сэтгэлийнхээ хамгийн нандин бүхнийг нээдэг харилцан ярилцдаг, зөвлөлддөг байх юм бол түүнээс зөв шийдвэр гардаг. Том жижиг аливаа юмыг нуух нь харилцан үл илтгэлцлийг төрүүлж, ойлголцохгүй байх муу талтай.
-Амьдрал гэдэг тэмцлийн дунд айл гэрээ тогтвортой, амгалан тайван байлгаж аз жаргалыг авчрая гэвэл…?
-Хайр сэтгэлээ нандигнан хайрлаж гэр бүлээ бат бэх байлгахын төлөө хамтдаа тэмцэх нь чухал. Энэ бүхнийг насан туршдаа сахин хамгаалбал гэр бүлийн аз жаргал аяндаа ирнэ.
-Амьдралын хүчит шуургыг сөрөхөд хэн хэнээ хүндэтгэн ойлгох л хамгийн чухал бөгөөд айл гэрийн амгалан тайван амьдралын үндэс суурь болдог. Харц, үйл хөдлөлийг нь хараад л бие биенээ ойлгож чаддаг бол айл гэр амгалан аз жаргалтай байна.
-Амьдралын урт замд ам мурийх зүйл гарахадхэрхэн яаж шийддэг байв?
-Олон жилийн хамтын амьдралд сайндаж муудах зүйл гаралгүй яахав. Хамгийн гол нь муудах шалтгаан юунаас болов гэдгийн шалтаг шалтгааныг олж тогтоох, түүнийг дахин давтан гаргахгүй, гаргуулахгүй байхыг бодох чухал юм даа.
-Ам мурийх зүйл гарна аа гаралгүй яахав. Аль болох эвээр шийдэх хэрэгтэй. Гал дээр тос нэмээд байдаг бол амьдрал амьдрал биш болно. Тиймээс ямар ч зүйлд хүлээцтэй хандаж сурах л хамгийн чухал.
-Маргаанд ялсан нь биш ялагдсан нь ялагч байдаг гэдэг. Маргааны хэдэн хувьд нь хэн нь эхэлж буулт хийж, яаж уучлал гуйдаг вэ?
-Их уур бол мунхаг хүний явдал. Уурлаж хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлахдаа биш алс хэтдээ хэрэгтэй зөөлөн үгээр учирлаж, ухамсарлуулан ойлгуулах, харилцан буулт хийж чаддаг, буруугаа хүлээж уучлал гуйж чадах зориг зүрхтэй байх нь зүйтэй. Хэн буруутай нь буулт хийдэг жамтай.
-Яах юу байхав. Долигонох л хэрэгтэй. Хамгийн амархан арга энэ.
-Гэр бүлд тохиолдсон хамгийн жаргалтай хийгээд хэцүү үеэ дурсвал?
-Очирбат бид хоёр бурхны авралаар амьдралаа үндсэндээ жаргалтай, хөгжилтэй туулж яваа болохоор онцолж бичихэд амаргүй. За тэгээд жаргал зовлон, хөгжил гуниг гэдэг чинь бараг хамт явдаг эд шүү дээ.
-Төрийн тэргүүнээр сонгогдох чинь нэг талаасаа маш их аз жаргалтай мөч боловч нөгөө талаасаа асар их хариуцлага бөөн хар зовлон байдаг жишээтэй. Жаргал зовлон, хар цагаан хосолдог орчлон гэдэг жинхэнэ үнэн.
-Айл гэрийн аз жаргалын түлхүүр болсон хүүхдүүд хөгжөөн наргианаар таслахгүй байсан биз?
-Хүүхэдтэй айлд л хөгжөөн наргиан тасрахгүй, аз жаргалаар айл гэр бялхдаг. 3-5 насандаа хамгийн хөгжилтэй яриа хөөрөөтэй байдагчлан том охин маань айлаас Танайд Соня ингэдэг улаан дээлтэй кукол орж ирэв үү? гэж куклээ сураглаж явсан гээд яривал зөндөө юм бий.
-Хүүхдүүдийн хөглөж байсныг бүгдийг нь ярина гэвэл өнөөдөр ярьж дуусахгүй. Сэтгэлд хамгийн том үлдсэн нь гэвэл манай бага охин өөрийгөө хүн биш хүүхдэн хүн гэж тодорхойлоод бөөн инээдэм болж байлаа.
-Гэр бүлээрээ хамтдаа цугласан байхдаа нэгнийгээ шоглоно гэдгийг үзүүлж өгнө биз?
-Хүүхдүүд шатар даам, шагай, томчууд хөзөр, даалуу тоглох үед л хамгийн хөгжилтэй зүйлс болдог. Нэгнийгээ шоглохгүй байна ч гэж байхгүй. Яаж шоглодгийг нь яриад яахав. Хүмүүс уншаад инээгээд, зогсож чадахгүй болчихвол яана. За за тоглосон юм.
-Барилдах ноцолдох зэрэг хөвгүүдийн хүчний тоглоомуудад тоглоом шоглоомын заагийг олоход хэцүү шүү дээ. Гэр бүлээрээ хөдөө гадаа явах, усанд орох, уул хаданд авирах дуртай. Үүнийг гол зохион байгуулагч нь Цэвэлмаа.
-Танай гэрийн хамгийн, хамгийн. Ухаантай, инээмтгий, хөгжилтэй гээд л…
-Манайд уйтгартай хүн байхгүй. Хамгийн хамгийнаа шалгаруулахад цаг хэрэгтэй.
-Хамгийн хөгжилтэй ардууд чинь зээ нар шүү дээ. Бүгдээрээ одоо хамтдаа сууж байгаа бол олонхийн саналаар хамгийн хамгийнаа шалгаруулж болох л байна.
-Таны хань гал тогооны болон гэрийн ажилд хэр сайн туслагч байж чаддаг вэ?
-Манай өвгөн гал тогоохалбага шанагатай ойртох нь ховор. Гарцаагүй тохиолдолд ходоодоо борлуулах хэмжээний л тогооч доо.
-Ханиа хэр сайн гэрийн эзэгтэй, эзэн гэж дүгнэдэг вэ, баярлуулсан мөчүүдийг нь тоочоод барахгүй байх л даа?
-Цэвэлмаа гуай бол Очирбатынх гэдэг айлыг эзэгнэнхэн төрсөн эмэгтэй. Сайн ханийн буянд би өдий зэрэгтэй яваа. Тийм болохоор энэ бүсгүйг магтахад үг багадна.
-Миний хань надад байтугай улс Монголдоо алдартай гүндүүгүй сайхан эр хүн. Хажуу хавирганыхаа ах дүү, үр хүүхэд, анд нөхөддөө нөмөр нөөлөгтэй хэнд хэзээ ч муу юм хийж, муу санадаггүй, өгөөмөр сэтгэлтэй, өр зөөлөн гайхамшигтай хүн. Өвгөн минь намайг баярлуулсан тохиолдол маш олон. Үгээр хэлж үсгээр бичихийн аргагүй. Эцэг өвгөдийн алтан сургаалиас Хагацашгүй хань нөхөрт мартагдашгүй муу үг бүү хэл гэдэг үгийг би санаж явдаг юм.
-Шинээр гал голомтоо асааж байгаа залуу хосууд болон айл гэрийн тулах бага өрхийн тэргүүнд хандаж сэтгэлийнхээ үгийг хэлээч?
-Одоогийн залуучууд өндөр боловсролтой, өргөн мэдээлэлтэй, гадаад ертөнцтэй харьцаатай, зах зээл хөгжсөн ардчилсан нийгэмд чөлөөтэй амьдрах боломжтой цаг үед амьдарч байна. Улс орон чамаас, танай гэр бүлээс эхэлнэ. Эр хүн, өрх гэрийн тэргүүн болгон өндөр хариуцлагатай байж гэр бүл үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх чадвартай, ёс суртахууны өндөр боловсролтой, ханьдаа халамжтай байгаарай гэж хэлье.
-Сургуульд мэдлэгээрээ тэнцдэггүй, цэрэгт биеэрээ тэнцдэггүй, ажил хийдэггүй, гарсан хүүхэд нь сульдаатай, эхнэрээрээ тэжээлгэдэг хүнийг ямар эр хүн гэдгийм. Эрчүүд минь өрхийн тэргүүн шиг байцгаа.
/2004.10.07, Мянганы зууч/